sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн харуул хамгаалалтын хэсгээр дамжин Умард Солонгосын нэгэн цэрэг Өмнөд Солонгост зугтаж очсон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Өмнөд Солонгосын армийн албаны хүний мэдэгдсэнээр, энэ цэрэг нь хил даван зугтаж байхдаа Умард Солонгосын цэргүүдэд буудуулан шархадсан байна. Цэргийг Өмнөд Солонгосын цэргүүд эмнэлэгт хүргэжээ.
 
Жил бүр Умард Солонгосоос Өмнөд Солонгост 1000 орчим хүн зугтаж очдог байна. Гэхдээ маш чанга хатуу харуул хамгаалалттай Цэрэггүй бүсээр зугтсан тохиолдол цөөн байдаг аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус бүсээр дамжин Умард Солонгосын цэрэг зугтсан дөрөв дэх тохиолдол нь энэ гэнэ.
 
Хоёр Солонгосын дайн 1953 онд албан ёсны энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээ байгуулснаар дууссанаас хойш талууд үндсэндээ дайны байдалтай хэвээр байгаа юм.
 
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос өчигдөр орой гаргасан мэдэгдэлд “Нэгэн цэрэг Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын тал дахь Эрх чөлөөний ордонд Умард Солонгосын талаас зугтаж ирсэн. Цэрэг зугтаж байхдаа гар болон мөрөн тус газраа бууны шарх авсан байна” гэжээ.
 
Энэ оны эхний гурван улиралд Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очсон хүмүүийн тоо 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар буурчээ. Тодруулбал, энэ хугацаанд Умард Солонгосын 780 иргэн Өмнөд Солонгост зугтаж очсон байна.
 
Умард Солонгосоос зугтагчдын тоо буурч байгаа нь Пхеньян болон Бээжин хилийн харуул хамгаалалттаа чангатгаж, хилийн дагуу хяналтын камер суурилуулах болсонтой холбоотой гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс үзэж байна.
 
Умард солонгосчууд нь голдуу Хятадаар дамжин зугтдаг юм. Учир нь Умард Солонгос нь Хятадтай хамгийн урт газар нутгаар хиллэдэг учир Хятадаар дамжин зугтах нь Цэрэггүй бүсээр зугтахаас илүү хялбар байдаг ажээ.
 
1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосоос 30 мянга гаруй хүн Өмнөд Солонгост зугтаж ирээд байна гэж Сөүлийн мэдэгдэлд дурджээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг