sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол Улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.
 
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртөй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв.
 
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс  ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хүлээлгэн өгч байна, Ерөнхий сайдын орлогчийн ажлыг нэр төртөй, хариуцлагатай сайн авч явж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гээд  ажлын амжилт хүслээ.
 
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайд бид хоёр 24 жилийн өмнө танилцснаас  хойш баг болон ажиллаж байна. Ард түмэнд амласан амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сонгогчдынхоо итгэлийг дааж, өгсөн үүрэг даалгаврыг захирах, захирагдах ёсны дагуу хариуцлагатай гүйцэтгэх болно гэлээ. Ажил хүлээлцэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд байлцлаа.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг