sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдүгээгээс 72 жилийн тэртээх энэ өдөр монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч байжээ.
 
Энэ бол Монголын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал юм. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох л юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн байдаг. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21- ний өдрийн 76 дугаар хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ. Уг тогтоолоор "Бүх ард түмний санал хураалтыг тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" хэмээн заажээ. 
 
Мөн 85 дугаар тогтоолд "санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "зөвшөөрөх", "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ. Уг санал хураалт эхлэхэд Дундад иргэн улсын засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийжээ. Санал хураалт тухайн өдрөө дуусч, тухайн сарын 30-ны өдөр протокол үйлдэн тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт хүргүүлсэн байжээ. 
 
Энэ том бөгөөд түүхэн ач холбогдолтой санал хураалтын үр дүнд 1946 оны нэгдүгээр сард Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа батласан тухай нот бичиг ирүүлсэн байдаг. Уг нот бичигт "Хятадын 1945 оны аравдугаар сарын 20-нд гадаад монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь гадаад монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын улсын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ. 
 
Ийнхүү Монголын ард түмэн асар их хүчин чармайлтынхаа үр дүнд Хятадын улсын засгийн газраар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 
Улс орон даяар болсон тусгаар тогтнолын төлөөх санал хураалтад манай улсын сонгуулийн насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ. 
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтад оролцоогүй аж. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн дунджаар 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байжээ.
 
Мөн зарим нэг сонирхол татахуйц баримтуудаас дурдахад, Ховд аймагт гадаадын харьяат гэх нэрийн дор нийт 347 хүн саналаа өгсөн байх агаад энд голцуу Өвөрмонгол, цөөн тооны хятад, орос иргэд байгаа нь тун сонирхолтой юм.
 
Эдгээр хүмүүсээс ердөө 29 хүн монгол бичгээр гарын үсгээ зурж, хоёр хүн хятадаар зурсан бол гурван хүн хятад бичиг бүхий мутрын тэмдэг даржээ. Бусад бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх зааварт тусгагдсаны дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг даржээ.
Түүнчлэн тухайн үед Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хоригдол саналаа өгчээ. Эдгээрээс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зурсан байгаа нь сонирхолтой баримт юм.
 
Үүнээс гадна тус санал хураалтад зориулан хэвлэн гаргасан зурагт хуудас цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Эдгээр зурагт хуудсанд: 
“Би. Бүгд найрамдах монгол ард улсын харьяат мөн.
Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална” хэмээн өгүүлжээ.
 
Эл бичгийн цаад дэвсгэрт Монгол Улсын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ. Энэхүү түүхэн санал хураалтад холбогдох 380 гаруй баримт одоо Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байдаг аж.

 

Үндэсний төв архивын эх сурвалжийг ашиглав.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг