sonin.mn
СОЧИ. /Спутник/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин илэрхийллээ.
 
“Спутник” агентлагийн мэдээлснээр, В.Путин пүрэв гарагт Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотноо Оросын шинжээчидтэй уулзсан байна.
 
Уг уулзалтын үеэр тэрбээр үг хэлэхдээ “Пхеньян цөмийн болон пуужингийн туршилт хийж буйг ОХУ эрс эсэргүүцэж байгаа. НҮБ-ын Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний тогтоолуудыг ОХУ тууштай дагаж мөрдсөөр байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Гэхдээ Умард Солонгос бол тусгаар тогтносон улс гэдгийг бид мартаж болохгүй. Аливаа санал зөрөлдөөнтэй асуудлыг энхийн замаар буюу яриа хэлэлцээ хийн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
 
Үүний зэрэгцээ өчигдөр Москва хотноо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаарх олон улсын бага хурал эхэлсэн байна. Энэ бага хуралд Умард Солонгосын ГХЯ-ны Хойд Америкийн асуудал эрхэлсэн газрын дарга Чой Сон Хуй, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Венди Шермэн тэргүүтэй хүмүүс оролцож байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг