sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Ягланд Орост хийж буй айлчлалынхаа хүрээнд баасан гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийж, Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Төрийн Думын дарга Вячеслав Володин нартай уулзана гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
"Яриа хэлэлцээний үеэр Европын Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын оролцоотой холбоотой олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай Европын тулгамдсан асуудлуудыг бас хэлэлцэх юм. Оросын тал Европ тивийн хамгийн нэр хүндтэй, өргөн төлөөлөлтэй байгууллагуудын нэг болох Европын Зөвлөлийн үүргийг бэхжүүлэхийн төлөө байдаг” гэж Оросын гадаад хэргийн яамны албан мэдээнд тэмдэглэжээ.  
 
“Өнөөдөр ОХУ Европын Зөвлөлийн парламентын ассамблей /ЕЗПА/ хэмээх зөвлөлдөх байгууллагаас бусад бүх бүтцийн ажилд идэвхтэй оролцож байна. ЕЗПА дахь хямрал гүнзгийрч байгаатай холбоотойгоор ЕЗПА-д ОХУ-ын Холбооны Зөвлөлийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг аливаа болзолгүйгээр бүрэн хэмжээгээр сэргээх хүртэл  Орос улс Европын Зөвлөлд төлөх 2017 оны татварын төлөлтийг түр зогсоохоор шийдвэрлээд байгаа юм. Ингэхдээ Орос улс Европын Зөвлөлийн үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр оролцож, нэгдэн орсон конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлсээр байгаа билээ” гэж дээрх мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг