sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхимын сайд нарыг баталж, бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулж эхлэх боломж бүрдлээ.
 
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр 13 яам, 16 сайдтай ажиллахаар УИХ-аас томилогдож байсан. Гэвч 1 жил 1 сар гаруйн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. “Мэргэжлийн” Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь “Засгийн газрын сайд нартай нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж концессын гэрээ олгосон, Төсвийн хууль зөрчиж хүүхдийн мөнгө олгосон, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой” гэсэн гурван агуулгатай байсан.
 
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний танхимын гишүүд уг шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шалтгаан биш шалтаг хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар огцруулсан юм.
Үүний дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Хаврын чуулганы анхны өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр томилсон.
 
Ерөнхий сайдыг томилсноос 14 хоногийн дотор Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих талаар тусгасан хуулийн зохицуулалтыг үндэслэн УИХ өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдан шинэ Засгийн газрыг бүрдүүлж, 15 сайдыг томиллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулалгүй, харин бүрэлдэхүүнийг нь өөрчлөн сайд нараа нэр дэвшүүлсэн нь энэ билээ. 
 
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон сайд нараас Ерөнхий чиг үүргийн яамдын сайдаас бусдыг дэмжих боломжгүй хэмээн мэдэгдэж байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжихээ илэрхийлсэн. Харин дотоод талцал, хагаралтай байгаа хэмээн шүүмжлүүлж байсан УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн сайд нарыг томилох хуралдаанд санаа нэгтэй оролцов.
Сайд нарт шүүмжлэлтэй хандаж байсан гишүүн нь МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү байсан юм. Тэрбээр “давхар дээл”-тэй сайд нар томилогдох гэж буй эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, чуулганы танхимд зурагт самбар байрлуулан эсэргүүцлээ илэрхийлж байв. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар “хүчирхэг” байх ёстой хэмээн үзэж, бүх сайдаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр өргөн барьсан юм. Харин Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” Засгийн газарт Сайд нарынх нь 6 нь УИХ-аас, 9 нь парламентын гаднаас томилогдож байсан.
 
Гэсэн ч хуралдааны санал хураалтын үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон 15 сайд ...... хувийн дэмжлэгээр тус тусын үүрэгт ажилдаа томилогдлоо.
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг товч танилцуулбал:
 
1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд - Өлзийсайханы Энхтүвшин
2.  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Гомбожавын Занданшатар
3.     Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Намсрайн Цэрэнбат
4.     Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд - Нямаагийн Энхболд
5.     Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд - Дамдины Цогтбаатар
6.     Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын - Чимэдийн Хүрэлбаатар
7.    Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Содномын Чинзориг
8.     Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд - Цэндийн Нямдорж
9.     Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд - Хавдисламын Баделхан
10.  Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Цэдэнбалын Цогзолмаа
11.  Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд - Жадамбын Бат-Эрдэнэ
12.  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.  Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Батжаргалын Батзориг
14.  Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд - Цэрэнпилийн Даваасүрэн
15.  Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд - Даваажанцангийн Сарангэрэл
 
Үүгээр Монгол Улсын 15 дэх Засгийн газар бүрдэж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдлээ.
Дашрамд дурдахад, Монголын төрд сүүлийн 25 жилд 14 Засгийн газар байгуулан ажилласан бөгөөд үүнээс зөвхөн хоёр нь бүрэн эрхээ дөрвөн жил хэрэгжүүлж, 12 нь хугацаанаасаа өмнө огцорсон гэсэн тоог өмнөх Засгийн газрын тэргүүн, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан. Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил байгаа нь хариуцлага гэхээс илүү буруу жишиг болж байгаа учир засаглалаа тогтвортой байлгах шаардлагатай тулгарч байгааг тэрбээр мөн онцолж байсан юм.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг