sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг  88.1 хувийн саналаар баталлаа.
 
Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд нэр дэвшигчид хандаж зарим асуудлыг тодруулж, асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Бид махны экспорт гэж олон жил ярьж байна. Урд хөрш рүү гаргах хэмжээний мах авах газар өөр байхгүй. Гэхдээ үнийг нь өсгөх тал дээр анхаарч ажиллаарай" гэхэд нэр дэвшигч Б.Батзориг, “Энэ жилийн хувьд ихэнх аймгаар гантай байсан. Түүнээс хамаарч ургац алдаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн дүн мэдээг өнөөдөр авлаа. Тэгэхэд 50 хувьтай яваа юм байна. Ажлаа аваад хамгийн эхэнд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулж дуусгана. Мал мах гаргах асуудлыг голчлож хоёр хөрштэйгээ хийнэ. Ер нь манайхаас мал мах авья гэсэн улс байгаа ч жигд нийлүүлж чадах уу гэсэн асуудлыг ярьдаг. Тэр тусмаа өдөр бүр шинэ мах авах сонирхолтой байдаг. Энэ асуудлыг анхаарч ажиллана" гэсэн хариултыг өглөө.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого барих вэ. Өмнөх сайд чинь их ажил хийсэн. Тухайлбал, махны экспорт 20 мянган тонн буюу өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2,5 дахин өссөн. Өмнөх сайдын эхлүүлсэн ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Нэр дэвшигч Б.Батзориг үүнд нь, “Түүхий эдээ экспортлоя гэвэл хоёр хөрштэйгээ хамтрах хэрэгтэй. ХАА бүтээгдэхүүнээ экспортлож байж малчдаа мөнгөжүүлнэ" гэлээ.
 
УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Монгол Улсын өөр хөгжлийн гарц нь МАА. Шүлхий, мялзан дээр үед гарч байсан юм билээ. Түүнийг нь манай улсын мал эмнэлэг эмчилж байсан байдаг. Гэтэл нийт үхэрт вакцин хийсэн байтал дээрх өвчин гарсаар байна. Биокомбинат одоо байх ёстой юм уу, байхгүй юм уу. Боловсон хүчний орон тоо хэд байдаг вэ. Вакцин өөрсдөө хийж чадахгүй, омогт тааруулж чадахгүй байна уу" гэсэн асуултыг тавихад нэр дэвшигч Б.Батзориг, “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Мөн Унгарын хөнгөлөлттэй зээлээр Биокомбанитыг шинэчлэхээр олон жил ярьж байна. Энэ ажлыг яаралтай эхлүүлснээр вакцины асуудлаа төр бүрэн хяналтдаа авах юм" хэмээв.
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Сүү, махны асуудал ярья гэвэл малын халдварт өвчнийг арилгах хэрэгтэй. МАА-н салбар нь нийтийн хоол, хөнгөн үйлдвэр гэх зэрэг дотроо олон салбартай. Иймд салбарыг мэргэшсэн боловсон хүчнийг сольж болохгүй шүү" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Манай яамдад төрийн албаны хүнд суртал маш их бий. Төрд үүссэн асуудлыг шийдье гэхээр хамтарч ажилладаггүй эсвэл ажлаа мэддэггүй, дарганы татаасаар ажилд орсон болохоор нэрийг нь барьдаг. Монгол төрийн төлөө ажиллах гэх сэтгэлгүй хүмүүс олон байна. Иймээс Төрийн албаны хуулийг баталж төрийн албаны шинэчлэлийг явуулах нь зүйтэй. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг наашлуулах ёстой" гэсэн байр суурьтай байв.
 
Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль
1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч
1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал
2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг