sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцээд түүнийг 89,6 хувийн саналаар дэмжлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Салбарын судлаачдын үг үнэгүйдсэн. Улстөрчдөөс ангид судалгаа дүгнэлтүүдийг гардаг болох хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд геологийн салбар зогсонги байдалд орсон. Энэ салбарыг хөрөнгө  хаяж өөд нь татах хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Байгаль орчны яамтай хамтарч ажиллаарай. Эвдэрсэн газрын хэмжээ маш их болсон. Нөхөн сэргээлтэд ашиглах дүрэм журмыг боловсруулах хэрэгтэй. Мөн лиценз эзэмшигч нар маш алдаа завхрал гаргадаг. Хэрэв байгалийн тогтоц алдагдуулж байгаа бол аж ахуй нэгжийн лицензийг хураах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлт манай улсад ихээр нөлөөлж байна. Тухайлбал, ширгэсэн гол мөрөн, горхи нэмэгдсэн. Ус нь буцаан нөхөн сэргээгдэхгүй тул энэ талын асуудлыг анхаарч ажиллаарай. Уул уурхайн салбараас орж ирж буй хөрөнгийг тэгш хуваариладаг болоход анхаарахыг хүсье.
 
УИХ-ын гишүүн Д.Гантулга: -Та Уул уурхайн сайдаар ажиллах хугацаандаа иргэддээ Тавантолгойн 1072 хувьцааны ноогдол ашгийг түгээгээсэй. Хувьцаанаас ноогдол ашиг хүртэх ажлыг томилгооны хугацаандаа хийнэ гэж найдаж байна.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Монголыг уул уурхай, МАА аврахгүй. Үйлдвэрүүд аварна. 80 мянган хүнийг ажилтай болгох боломж бий. Хүмүүс ажилтай болчихвол улстөржихөө болино. Та хоёр жилийн хугацаанд таван үйлдвэр бариарай. Энэ ажлыг би байнга шаардаж нэхэж байх болно. 
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Лицензүүдийг цэгцлэх хэрэгтэй. Шинээр нэмж лиценз олгосоор байгаа шүү. Монголд Эрдэнэт шиг хэдэн үйлдвэр байгуулчих хэрэгтэй. Нийт газар нутгийн 7/1 хувь нь лицензжсэн. Газар бүрт үйлдвэрлэл явуулмаар байна. Хамгийн ус багатай Дорноговь аймаг гэхэд 421 лицензтэй байна. Энэ олон лицензийн гайгаар малчид хохирч байна. Бид түүхий эдээ нийлүүлдэг улс болсон. Ийм жишгээр бол бид хөгжихгүй. 
 
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Ерөнхий сайд байгаа дээр зарчмын хэдэн асуудал хэлье. Шинэ сайд нар эв нэгдлийн зарчим барьж, хариуцлагатай ажиллаарай. Томилогдож байгаа сайдууд яаман дахь багаа сайн бүрдүүлээрэй. Танхимын зарчмаар ажиллаж байгаа тохиолдолд яам, аймаг өөр хоорондоо санамж бичиг зурдгаа болих хэрэгтэй. Нэгэнт танхимын зарчмаар ажиллаж байж ийм хэлбэрийн ажил зохион байгуулдгаа болимоор юм. 
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Уул уурхайн сайд уул уурхайн компанитай, нефть шингэрүүлэх үйлдвэртэй байж болохгүй. Энэ бол эрх ашгийн зөрчил. Үүнийгээ цэгцлээрэй. "Орхон гол уйлж байна” гэж хэвлэлээр зөндөө бичсэн. Өмнөх Засгийн газар тэмцэж байж Орхон голыг өнгөрсөн зун цэнгэгээр нь урсгасан. Энэ гол 20 сумын нутгийг хамарч урсдаг тул цэнгэг байдлыг нь хангаарай.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Монголчууд уул уурхайд маш их найдсан ч санаснаар болоогүй. Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс "Газрын баялаг Монголын ард түмний өмч. Баялгийн хуваарилалтыг тэгш болгоно" хэмээн хэлсэн. Манай улс баялагтай байгаад иргэд нь өртэй байгааг байнга бодох хэрэгтэй. Газрын доорх баялгаа газрын дээр баялаг болгоно ч гэж Ерөнхий сайд мөн хэлсэн. Энэ ажлыг салбарын сайд хэрэгжүүлэх ёстой. Бид ард түмний хүссэн хүлээлтийг гүйцэлдүүлж ажиллах ёстой. Уул уурхайн баялгийг тэгш хуваарилахын зэрэгцээ баялгийн сан бүрдүүлэх нь зүйтэй. Монголчууд сум бүрт, газар бүрд газраа ухах хэрэггүй. Зөвхөн стратегийн 15 ордоо үр ашигтай ажиллуулахад хангалттай. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Лицензийг онцгойлон анхааралдаа авах хэрэгтэй. Өнөөдөр 3600 лиценз байна. Үүний аль нь ашиглалтын, аль нь хайгуулынх болохыг судлахын зэрэгцээ үр ашигтай эсэх дээр ангилж цэгцлээрэй. Оюу-Толгойн гэрээг сайжруулахад байнга анхаарч ажиллаарай. Уран бол зөв ашиглавал хоргүй гэдэг. Монгол Улс энэ салбарт зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн манай төр хайгуул явуулж, баялгаа өөртөө үлдээх хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэрийн асуудал дээр анхаарал тавиарай хэмээв.
 
Нэр дэвшигч Долгорсүрэнгийн Сумъяабазар энэ үеэр хэлсэн үгэндээ, "Хууль бусаар уул уурхай эрхэлж байгаа нинжа нартай болон хуулиа сахиж ажилладаггүй аж ахуй нэгжүүдтэй хатуу тэмцэл хийнэ хэмээн мэдэгдэж байсны зэрэгцээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлж байв.
 
Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
 
Ажилласан байдал
 
2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг