sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцээд түүнийг 90.8 хувийн саналаар дэмжлээ.
 
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Танай яам тендерийн яам болсон. Тендерийн асуудлаа яамнаасаа салгаж, аймаг орон нутагт нь өгч болохгүй юу. Үүнийг шийдэж чадах уу. Орон нутгийн багш нарыг гадны сургалтад явуулахад анхаарах хэрэгтэй” гэсэн асуудлыг лавлаж байсан. Ингэхэд нэр дэвшигч Ц.Цогзолмаа, “Сурах бичгийг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллан, урт удаан настай сурах бичиг гаргана. Боловсролын яам сүүлийн үед тендерт анхаардаг болсон. Үүний оронд орон нутагт нь шийддэг байх асуудлыг гаргаж тавина. Багш нарыг дахин сургахад анхаарна. Энэ чиглэлд ахиц гаргана. Ер нь Улаанбаатарт 27 сургуулийн 10 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Үүнийгээ хамгийн эхэнд шийдвэрлэнэ" хэмээн хариулж байсан юм.
 
Мөн энэ үеэр гишүүд нэр дэвшигчид хандаж боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын түвшинд авч явах бодлого юу байж болох, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал,
 
УИХ-ын гишүүн Б.Амарзаяа: -Тив дэлхийд монголынхоо нэрийг гаргасан тамирчдыг хүлээж авч урамшуулдаг. Гэтэл оюуны олимпиадад оролцсон багш сурагчдыг урамшуулдаг тогтолцоо алга. Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэл нь хэвлэгдсэн эрдэмтэн судлаачдаа урамшуулах хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -2021 оноос цэцэрлэг сургуулийн урсгал зардлыг төсвийн орлогоос даахгүйд хүрэхээр байгааг бодолцоорой. Дараагийн нэг асуудал бол монгол судлал. Энэ тал дээр шинэ бодлого гаргаарай. Мөн өндөр ур чадвартай монгол хүнийг бэлтгэх нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ болсон гэдгийг мартаж болохгүй. Дээд боловсролтой боловсон хүчнийг бид төлөвлөлтгүй бэлдэж байгаа шүү.
 
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: -УИХ-аас хууль батлагдсан ч дагалдах журмыг баталдаггүй. Иймээс багш нарт тус дэм болох, нөгөөтэйгүүр хууль хэрэгжихэд гол нөлөө болохуйц журмуудыг орхигдуулалгүй батлан гаргаж байгаарай. Шинжлэх ухааны салбарт цоо шинэ бүтцийн өөрчлөлтгүй бол болохгүй шүү.
 
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Номын сангийн ажилтнууд дунджаар 380-500 мянган төгрөгийн цалин авч байна. Тэгсэн хэрнээ бүгд зээлтэй байдаг. Иймээс Соёлын тухай хуулиа яаралтай баталж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог болох хэрэгтэй гэв.
 
Цэдэнбалын Цогзолмаагийн товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч
 
Ажилласан байдал
 
1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг