sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Барилга хот, байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох эсэх асуудлыг авч хэлэлцээд түүнийг 87.5 хувийн саналаар дэмжлээ. 
 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Төрөөс мөнгө идэх гурван арга байна. Энэ нь концесс, тендер, Засгийн газрын тогтоол юм. Та эдгээр асуудалд их анхаараарай. Ипотекийн зээл цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад нэр дэвшигч Х.Баделхан, “Одоогийн байдлаар улсын хэмжээнд 7000 орчим барилгын компанид 95 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 5000 нь барилга угсралт, 800 нь материал үйлдвэрлэл, бусад нь барилгын зургийн компаниуд байна. Концессын асуудалд анхаарал хандуулна. Ер нь барих шилжүүлэх концессыг шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлнэ.
 
Ипотекийн зээлээр 92 мянган хүн орон байртай болсон юм байна лээ. Үүнд нь 4,1 их наяд төгрөгийн зээл олгожээ. Зээлийн эргэн төлөлт 96 2 хувьтай яваа. Үүнээс 2 хувь нь найдваргүй, үлдсэн хувь нь эргэн төлөгдөх боломжтой. Он гарсаар Монголбанкнаас 110 тэрбум, улсын төсвөөс 300 тэрбум, зээлийн эргэн төлөлтөөс 240 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт 10 мянга орчим байр худалдаалагджээ. Иймд цаашид ипотекийн зээлийн хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана" хэмээн хариулсан юм.
 
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Зам талбайн ус цэвэрлэх байгууламж руу шууд ордог. Өнөөдөр цэвэрлэх байгууламж ачааллаа дийлдэхээ болилоо шүү" гэхэд  нэр дэвшигч Х.Баделхан, “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөв гарсан. Тэрхүү зураг төсөвт тус байгууламжаас гарсан лаг болон саарал усыг дахин ашигладаг байхаар оруулж өгсөн. Цэвэрлэх байгууламжаар концесс зарласан ч орох компани гараагүй. Нийт өртөг нь 350 сая ам.доллар юм билээ. Нэн тэргүүнд цэвэрлэх байгууламжийн хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн хариултыг өгөв.
 
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, “Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга барихгүй байна. Хэрэвзээ Улаанбаатар хотод газар хөдлөвөл бид хотоосоо гарч чадахгүйд хүрэхээр байгаа шүү. Мөн сургууль цэцэрлэгийн мэдлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгож ирсэн. Та бас ийм зөвшөөрөл олгосоор байх уу. Та цэвэрлэх байгууламжийн асуудалд онцгойлон анхаараарай. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх барилгууд их хуучирсан, лифтний чанар хангалтгүй байгааг анхааралдаа аваарай" гэхэд нэр дэвшигч Х.Баделхан, "Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барихгүй байгаа гэсэнтэй санал нэг байна. Цаашдаа нийт зам талбай, орц гарцыг чөлөөлж ажиллана. Зарим нэг сургууль цэцэрлэгийг барихад газар олдохгүй байгаа зовлон бий. Энэ асуудалд ч мөн анхаарна. Төв цэвэрлэх байгууламжийн талаарх таны саналыг хүлээж авлаа" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Улаанбаатар хот өнөөдөр даацаа дийлэхээ болилоо. Хотыг дахин төлөвлөхийн оронд шинэ нийслэл байгуулах нь зөв. Засаг захиргааны шинэ төвтэй болмоор байна. Тиймээс “Шинэ хороо” хөдөлгөөнийг та сайн дэмжээрэй. Хоттой та нягт харилцаатай ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Улаанбаатар хотыг шинэ онгоцны буудал руу тэлэх боломж байна. Тэнд хотын захиргааг тийш нь нүүлгэх хувилбар байж болох талтай шүү" гэсэн юм.
 
Нэр дэвшигч Х.Баделхан, “Казахстан Улс нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн. Миний хувьд Төв аймгийг засаг захиргааны төв болгох, Улаанбаатар хотыг үйлдвэрлэл-худалдааны төв болгох хэрэгтэй гэсэн бодолтой байдаг. Гүний усыг цаашдаа ашиглахад хэцүү. Үүний оронд хөрсний ус болоод саарал усыг ашиглах болно. Газар чөлөөлснөөр олон иргэн хохирч байгаа асуудлыг судална. БНХАУ-ын 350 сая юанийн тусламжаар 1000 айлын орон сууц барихаар болсон. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэсэн байр суурьтай байна.
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Цэвэрлэх байгууламжийн асуудлыг өмнөх Засгийн газар нэлээн урагшлуулсан. Цэвэрлэх байгууламжийн концесс нь эдийн засгийн өгөөжгүй, төр өөр дээрээ авч явахаар юм билээ. Ер нь хөнгөлөлттэй зээлээрээ юм уу буцалтгүй тусламжаар шийдэх бололцоотой. Цэвэрлэх байгууламжид 350 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж байгаа ч усны түвшин барих, саарал усыг дахин ашиглах гэх зэрэг төслийг давхар хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм билээ" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Давхар замын асуудлыг шийдвэл хотын түгжрэл буурна шүү" гэсэн саналаа хэллээ. 
 
Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
 
Ажилласан байдал
 
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг