sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.
 
“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж хамгаалан хөгжүүлэхийн тулд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, бусад байгууллагатай нягт хамтран ажиллана гэлээ.
 
Хэлэлцүүлэгт МУИС-ийн зөвлөх профессор, хэл бичгийн ухааны доктор Ж.Баянсан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Цэвээндорж, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам нарын зэрэг олон хүн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
 
Илтгэгчид нэр томъёог цэгцлэх, гадаад үгийн хэрэглээг нэг мөр болгох, дунд сургуулийн сурах бичгийг цэгцтэй зөв бодлогоор тогтвортой авч явах, хаягжилтыг цэгцтэй болгох зэрэг асуудлыг хөндөж байлаа.
 
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэлний шинэ толь бичиг бүтээж байгаа, монгол бичгийг цахим хэлбэрт оруулж, Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулах зэрэг олон чухал ажил хийж буйг хэлэлцүүлэгт оролцогчид талархан дэмжиж байсан юм.
 
Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам мэдлэг шингэсэн монгол хэл, хэллэгийг бүтээх цаг тулгарч байгааг санууллаа. Тэрээр “Даяаршлын үед монгол хэлээ шинэчлэх, мэдлэг шингэсэн бусад хэлтэй өрсөлдүүлэх учиртай. Эх хэлээ мэдлэг шингэсэн хэл болгож чадсан улс орон хөгждөг. Англи, герман, япон, хятад хэлийг улс орнууд нь мэдлэг шингэсэн хэл болгож байна. Эхлээд бараа бүтээгдэхүүнээ тухайн хэлээр нэрлэж, дэлхий дахинд таниулж байгаад хэрэглээнд гаргаснаар мэдлэг шингэсэн хэл болдог. Шинэ мэдлэг, нэр томъёог эх хэл дээрээ оновчтой буулгаж тархиндаа шингээх хэрэгтэй” гэж байлаа.
 
Хэл эвдэрч буй шалтгаан нь сургалтын хөтөлбөр байнга солигддогтой холбоотой. Бас нийгэмд бий болсон анархизмыг дагаж хэл, бичигт анархи байдлаар хандах үзэгдэл гарч, дүрмээр бус аман ярианы байдлаар бичиж байгаа нь нөлөөлдөг хэмээн үздэгээ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор О.Самбуудорж хэлж байлаа.
 
Хэлэлцүүлэгт оролцогчид нэн тулгамдсан асуудлыг хөндөж чухал арга хэмжээ зохион байгуулсныг тэмдэглэцгээв.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг