sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Стратегийн ордуудыг үр ашиггүй ашиглаж байна. Оюутолгойн орд дээр бид өрөнд орсон. Иймээс зөвшилцөх ширээний ард суух цаг нь болсон. Мөн бичил уурхайн зөвшөөрлийг өгдөг болсноор хууль бусаар ашигт малтмал олборлодог болоод байна. Үүний далимдуулж ямар ч хамаагүй ашигт малтмалыг хаа дуртай газраасаа олборлодог болоод байна. Үүн дээр анхаарч ажиллаарай" гэв.
 
Мөн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, "Сайн хэлүүлж магтуулдаг Засгийн газар гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Олон жил ярьж буй уул уурхайн томоохон ордуудын асуудал дээр зоригтой ажиллах хэрэгтэй. Том ордуудыг эргэлтэд оруулахын тулд хоёр хөрштэйгээ хамтарч ажиллах нь зүйтэй. Түүнчлэн тэнд ажиллах өндөр мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхэд болох хэрэгтэй. Ер нь залуусыг эхний жил эх оронд нь хэлний бэлтгэлд хамруулаад дараа нь гадны улсад сургахад болмоор байна" гэсэн саналтай байгаагаа хэлээд нэр дэвшигчид ажлын амжилт хүслээ. 
 
Ингээд Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад 93,8 хувь нь дэмжив.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг