sonin.mn
13-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ, Ираны талаар илүү хатуу бодлого явуулна, тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулна, Ираны эсрэг хоригийг сэргээнэ гэсэн нь өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр шуугиан тарьсан мэдэгдэл байлаа.
 
Д.Трампын хэлснийг орчуулваас “Хаана хүрэх нь урьдаас тодорхой байгаа замаар бид явах хүсэлгүй байна. Энэ зам нь хүчирхийлэл, терроризм, Ираны цөмийн дайралтын бодит аюулд хүргэнэ. Миний удирдсан засаг захиргааны хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээний дутагдалтай талуудыг засч залруулахын тулд Конгресс болон холбоотон орнуудтайгаа нягт хамтран ажиллах болно. Аюулыг үл тоомсорлох тутам уг аюул улам өсдөг гэдгийг бид Умард Солонгосын жишээнээс харсан билээ” гэжээ.
 
Ерөнхийлөгч болохоосоо өмнө нь ч, дараа нь ч Д.Трамп ярихдаа “Америкийн улсын эрх ашигт нийцээгүй олон улсын байгууллага болон олон улсын гэрээнээс гарна” гэж байнга сүрдүүлж байсан билээ. Сүрдүүлэг нь ч биеллээ олсоор байна. Тухайлбал, Д.Трамп энэ оны эхээр АНУ-ыг Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс /TPP/ гаргасан бол Өмнөд Солонгостой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарна гэж айлгаж байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө АНУ ЮНЕСКО-гоос гарлаа.
 
Д.Трамп анхнаасаа л Обамагийн байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийг эрс шүүмжилж байсан бөгөөд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “энэ гэрээ Америкийн ашиг сонирхолд харшилж байна” хэмээн шууд мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс үг хэлэхдээ уг гэрээг “АНУ-ын түүхэн дэх хамгийн бүтэл муутай гэрээ” гэж нэрлэж байв.
 
Сануулан дурдахад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман гэсэн зургаан том гүрэн 2015 оны 7 дугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /Ираны цөмийн хэлэлцээр/ гэдэг нэртэй гэрээг байгуулсан юм. Тохиролцоо ёсоор, Ираны тал цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, уг хөтөлбөрийг олон улсын хяналтад оруулсны хариуд НҮБ, АНУ, Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хоригоо цуцалсан ба цөмийн хэлэлцээр 2016 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Гэрээнд зааснаар, Иран улс цөөн тооны центрифугийг өөртөө авч үлдээд, тэдгээрийг энхийн зорилгоор ашиглах бөгөөд эдгээр центрфугийг ашиглан гаргаж авсан бага хувиар баяжуулсан уран нь Иран улс цөмийн зэвсэг бүтээх боломжгүй гэдгийн баталгаа болж байгаа юм. 
 
Энэ удаад, Иран улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэдгийг нотолсон баримт бичигт гарын үсэг зурахыг АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Д.Трампаас шаардсан боловч тэрбээр үүнээс татгалзсаныхаа дараа баасан гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Өмнө нь тэрбээр хоёр удаа гарын үсэг зурсан боловч гуравдахь удаад ийнхүү татгалзлаа. Гарын үсэг зурах эцсийн хугацаа өнгөрсөн ням гарагт дуусгавар болсноор ба  АНУ цөмийн гэрээнээс  татгалзах уу үгүй юу гэдгийг Конгресс 60 хоногийн дотор хэлэлцэн шийдэх ёстой болж байгаа юм. 
 
Асуудлыг тодруулваас, Ираны цөмийн гэрээний хэд хэдэн заалт АНУ-ын Ерөнхийлөгчид огт таалагдахгүй байгаа аж. Тухайлбал, 2025 оноос хойш уран баяжуулахыг хязгаарласан заалт хүчингүй болох юм. Түүнээс гадна, Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоохыг Трамп уриалсан байна. 9 дүгээр сард Иран улс 2 мянган км-ийн тусгалтай пуужин туршсан билээ.  
 
Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ “Ираны Дээд удирдагч аятолла Хаменеигийн шууд удирдлагад байдаг “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус” гэдэг Ираны зэвсэгт хүчний элит ангиудын эсрэг хориг арга хэмжээ авна” гэсэн байна. Уг корпусыг террорист байгууллагуудыг дэмждэг гэж буруутгажээ.  Тус корпуст харьяалагддаг “Код” гэдэг тусгай хүчний анги нь Хезболлах, Хамас, Талибан зэрэг террорист бүлэглэлүүдийг дэмжсэн гэх шалтгаанаар хоригт орчихоод байгаа юм.
 
АНУ-ын зүгээс Ираны эсрэг хоригоо сэргээж магадгүй байгаа нь Брент маркийн газрын тосны үнэ 1 хувиар өсөхөд хүргэсэн байна. Энэ төрлийн газрын тосыг ирээдүйд худалдах фьючерс хэлцлийн үнэ 62 центээр өсч, 57,79 доллар болсон нь баасан гарагт арилжаа хаагдах үеийнхээс 1,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
Дашрамд дурдахад, Ираны цөмийн хэлэлцээрийг байгуулахаас өмнө хоригт ороод байсан тус улс өдөрт 1 сая баррель нефтийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг алдаж байлаа. Түүхий нефтийн үнэ өсч буй өөр нэгэн шалтгаан нь АНУ-д шинээр суурилуулж буй өрөмдлөгийн цамхагийн тоо буурч байгаа явдал ажээ.
 
Олон улсын хандлага  
 
Энэ удаад Трампын шийдвэрийг хоёрхон улс дэмжлээ. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху “Ираны террорист дэглэмийг зоригтойгоор сөрөн зогсч буй” Трампад баяр хүргэсэн бол Саудын Аравийн эрх баригчид Америкийн Ерөнхийлөгчийн “хатуу стратеги”-ийг дэмжсэн байна. 
 
Харин Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэхдээ “Иран улс тохиролцоогоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа учраас гэрээг цуцлахыг Европ тивийнхэн зөвшөөрөхгүй. Иранчууд үүргээ биелүүлж байгаа гэдгийг МАГАТЭ-гийн шинжээчдийн явуулсан 8 удаагийн шалгалтын дүн харуулсан” гэлээ.  Иран улс амласнаа биелүүлж байгаа гэдгийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн  /МАГАТЭ/ тэргүүн Юкия Амано мөн  нотолсон байна.
 
Францын Гадаад хэргийн сайд хэлэхдээ “гэрээнээс татгалзах аваас цөмийн зэвсэг нь эрчлээ эргүүлэг маягаар тархах аюултай” гэв.
 
Германы Гадаад хэргийн сайд З.Габриэль хэлэхдээ “цөмийн хөтөлбөрөөсөө татгалз гэж бид Умард Солонгосыг ятгасаар байгаа. Ийм үед аль нэг улс дангаараа Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс гарах аваас умард солонгосчуудад ямар бодол төрөх вэ? Иймэрхүү гэрээ нь ямар ч үнэ цэнэгүй зүйл юм байна, шинэ засгийн газар гарч ирэнгүүтээ л тохиролцоог дуртай үедээ цуцлах юм байна” гэсэн ойлголт төрнө шүү дээ” гэж анхаарууллаа. 
 
Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп ийм шийдвэр гаргасан явдалд харамсч байгаагаа” илэрхийлсний сацуу Трампын энэ үйлдэл нь гэрээний хэрэгжилтийг зогсоож чадахгүй гэж үзэж байгаа аж.
 
Хятад улс Трампын шийдвэрийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй боловч гэрээг сахин мөрдөхийг урьд нь АНУ-д уриалж байсан юм.
 
Эдгээр улсууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд 12 жилийн турш маш их хүчин чармайлт гаргасан учраас аль нэг талын гэнэтийн шийдвэрээс болоод нөр их хөдөлмөр нь нэг л өдөр талаар болно гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Энэ нь дээрх мэдэгдлүүдээс илт байна.
 
Д.Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани хэлэхдээ “энэ бол олон улсын олон талт хэлэлцээр бөгөөд түүнийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсан. Тэгэхээр ийм чухал гэрээг аль нэг орны ерөнхийлөгч дангаараа цуцлах боломжтой юу? Д.Трамп үүнийг ойлгохгүй байх шиг байна” гэжээ.
 
Иранд нөхцөл байдал өөрчлөгдөх нь
 
Энэ талаар Оросын шинжээч В.Сажин-ы ярьсныг сийрүүлэн хүргэе. Өнөөдөр Иран улсад Ерөнхийлөгч Руханиг дэмжигч шинэчлэгч либерал үзэлтнүүд болон өмнөх Ерөнхийлөгч М.Ахмадинежадыг тойрон нэгдсэн сөрөг хүчнийхний хооронд маш ширүүн тэмцэл өрнөж байгаа юм. Рухани-г эсэргүүцэгчдийн дотор “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус” байгаа бөгөөд уг корпус улс төр, эдийн засгийн асар их нөлөөтэй хүч болой. Ираны эсрэг маш хатуу хориг үйлчилж байх үед тус корпусынхан хоригоос элдэв аргаар зайлсхийн их хэмжээний орлого олсноор бусад улс төрийн хүчнүүдий өмнө илт давуу байдлыг олж авсан юм. Тэгэхээр корпусын хувьд хоригийг цуцалсан нь ашиггүй болсон байх.
 
Олон улсын хоригийн уршгаар Иранд инфляци 50 хувьд хүрч, залуучуудын дунд ажилгүйдэл 30 хувь байсан үед Рухани цөмийн гэрээг байгуулснаар улс орноо хоёрхон жилийн дотор хүнд байдлаас гаргаж чадсан билээ. Иймээс Ираны олон иргэд түүнд талархалтай ханддаг.  
 
Харин АНУ гэрээнээс гарсан тохиолдолд энэ боломжийг сөрөг хүчнийхэн дор нь шүүрэн ашиглах нь ойлгомжтой. Тэд “америкчууд бол итгэхийн аргагүй хүмүүс” гэсэн үг яриаг тарааснаар цөмийн гэрээнээс Ираныг гаргаж мэдэхээр нөхцөл байдал үүсч магадгүй юм. Ингэснээр засгийн эрх Руханигаас сөрөг хүчинд шилжиж мэднэ.   
 
Гэрээний ач холбогдол ба түүнээс гарахын үр дагавар
 
Би-Би-Си агентлагийн олон улсын тоймч Лиз Дусет-ийн дүгнэснээр “Ерөнхийлөгч Трамп Ойрхи Дорнод дахь гол аюулуудын жагсаалтыг дахин нэг гүйлгэж хараад “Лалын улс”-ын оронд Ираныг “нэг номерын дайсан” гэж үзэж байгаа бололтой.
 
Энэ гэрээг байгуулахаас өмнө Америкийн холбоотнууд болох Израиль болон Персийн булангийн хэд хэдэн улс Ираны цөмийн асуудлыг хүч хэрэглэж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан ба АНУ, Ираны хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлал бодитойгоор бий болоод байсан юм.
 
Энэ үүднээс дүгнэвэл, ҮАЦХТ буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээний дайны аюулыг холдуулсан гэж хэлж болно. Ингэснээр дипломат арга хэрэгслийг ашиглан эрин цаг үеийн маш эгзэгтэй асуудлыг шийдэх боломжтой гэдгийг дэлхийн том гүрнүүд харуулж чадсан билээ.  
 
Аль нэг тал дангаараа гэрээнд өөрчлөлт оруулах нь гэрээ цаашдаа цуцлагдах байдалд хүргэж болзошгүй бөгөөд ингэснээр Ойрхи Дорнодод цөмийн зэвсгээр хөөцөлдөх хэнээрхэл газар авах аюултай гэж зарим шинжээчид дүгнэж байгаа юм.
 
Ирантай байгуулсан гэрээнээс татгалзах нь олон арван жилийн туршид бүрэлдэн бий олон улсын харилцааны дэг журмыг ямар нэгэн хэмжээгээр бусниулж, АНУ ба бусад орнуудын хоорондын харилцааны механизмыг эвдэх аюултай.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг