sonin.mn
ТОКИО. /Киодо/. Азийн улс орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэгддэг “Ясүкүни” сүмд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр өргөл барьц илгээсэн тухай “Киодо” агентлаг мэдээллээ.
 
Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед Өмнөд Солонгос болон Хятад улстай харилцаагаа муутгахгүйн тулд Ш.Абэ Токио хот дахь шинто шашны энэ сүмд биечлэн очихоос зайлсхийн ийн өргөл барьц илгээсэн бололтой. Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улс нь Бээжин болон Сөүлтэй хамтран ажиллах хэрэгтэй байгаа билээ.
 
Японы шинто шашны тус сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх япон цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалсаар иржээ. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогддог хүмүүсийн нэрс ч байдаг. Тийм учраас "Ясүкүни" сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд  эсэргүүцлээ илэрхийлдэг юм.
 
Ш.Абэ тус сүмд жил бүрийн хавар болон намар өргөл барьц илгээдэг билээ. Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сард тус сүмд биечлэн очиж мөргөж байв. Үүнтэй холбогдуулан Бээжин болон Сөүлийн эрх баригчид түүнийг эрс шүүмжилж, талуудын харилцаа хурцдаж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг