sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд гурван сар гарангийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга дараах тодорхой ажлуудыг эхлүүлж, мөн хэд хэдэн санаачлага гаргаад буй юм. Үүнд:  
1. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант улса суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах, 
2. М.Энхболд, Ц.Сандуй тэргүүтэй МАН-ынхны холбогдсон "60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зарах төсөл боловсруулсан" хэрэг гэгчийг шалгаж, шийдвэрлэхийг АТГ-д үүрэг болгосон,
3. Оффшор дансад хөрөнгө бүхий улс төрчдийг шалгахыг АТГ-д үүрэг болгосон, дээрх улс төрчдийг Монгол улсад хөрөнгөө оруулж ирэхийг уриалсан,
4. Хүнсний аюулгүй байдлын шинэ бодлогыг тунхаглаж, импортын хүнсний ногоог зогсоож, дотооддоо бүрэн үйлдвэрлэх санаачилга гаргаж, хэд хэдэн удаагийн форум зохион байгуулсан,
5. Монголын нүүрсийг ОХУ-ын боомтоор Япон руу экспортлох,
6. Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэлсэн зэргийг дурьдаж болно.
 
Үүнээс гадна хэд хэдэн зарчмын байр суурь нь өмнөх буюу Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Цахиагийн Элбэгдоржоос ялгаатай байгаа нь анхаарал татаж байна. Жишээлбэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн 7 жилд тасралтгүй НҮБ-ын хуралдаанд оролцсон бол Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцох шаардлаггүй гэж үзэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын эгүүлэн татах ёстой гэж үзэж буй МҮАН-ын дарга асан М.Энхсайхан, МАН-ын дарга асан С.Баяр нарыг ч элчин сайдаар томилуулах санал гаргасан хүн нь Ц.Элбэгдорж. Түүнчлэн цаазын ялыг халах санаачилга ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнх байлаа. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын бодлогын зөрүү бага багаар ч атугай харагдаж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд УИХ-тай зөвшилцөн, зарим хуулийн байгууллагын удирдлагуудыг санал болгох, нэр дэвшүүлэн томилуулах эрхтэй. Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамгийн шүүмжлүүлдэг байсан хуулийн байгууллага дахь  бүлэглэлийн гар хөл болсон  "шударга бусын хонгил"  гэгчийг хэрхэн өөрчлөх нь харагдах биз ээ. Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад харилцаа, эдийн засгийн бодлогын хувьд Ц.Элбэгдоржийнхоос ихээхэн ялгаатай бодлого баримтлах нь тодорхой бололтой.
 
П.Энхмандах