Ч.Хүрэлбаатар бүрэлдэж ч амжаагүй Засгийн Газрынхаа нэр хүндийг унагаж эхэллээ

Нийтэлсэн: 2017-10-16 11:40:29

УИХ дахь МАН-ын  бүлэг зөвшилцөлд хүрч,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдсан шинэ Засгийн Газарт ажиллах сайд нарын нэрсийг олон нийтэд зарласан билээ. Үүний дараа  дээрх сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АТГ-т өнгөрсөн Пүрэв гарагт хүргүүлсэн. Маргааш нь АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргасан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хариугаа өгөх бөгөөд эх сурвалжуудын өгүүлж буйгаар Сангийн Сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэж үзэж буй аж. Учир нь Ч.Хүрэлбаатар ах дүү нарынхаа хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг Хотгор шанагын нүүрсний уурхайг солонгосчуудад зарсан баримт нь саяхан дэлгэгдсэн төдийгүй "Рио Тинто" групптэй сонирхлын зөрчилтэй байж мэдэх үй олон эргэлзээтэй асуудалд холбогдсон нэгэн юм.
 
Ч.Хүрэлбаатар мөн одоогоос  7 жилийн өмнө утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн будлианд бас орооцолджээ. Учир нь түүнийг Түлш, Эрчим хүчний сайд байхад үйлдвэрийг барих тендерт шалгарсан "Аморе Интернэйшнл" компанийн захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын ангийнх нь  хүүхэд байжээ.
 
 
 Энэ мэтчилэн олон асуудалд оролцсон Ч.Хүрэлбаатар хамгийн гол нь ОюуТолгойн орлогыг Монголын банкаар дамжуулах нь буруу гэж үздэг улс төрч юм.  Монголын цөөнгүй улс төрч, эдийн засагчид "Оюу Толгой" төслийн орлогыг Монголын банкаар дамжуулах нь улсын эдийн засагт ашигтай гэж үздэг бол Ч.Хүрэлбаатар  үүнийг : "Маш том андуурал. Гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй, дотоодын банкийг хүлээн зөвшөөрнө гэчихээр ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүд Монголын арилжааны банкуудаас зээл авъя гэхээр зээл өгөх банк олдохгүй. Нэг үгээр хэлбэл, бид үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй.
 
 
Гэхдээ Ерөнхийлөгч хэдийгээр татгалзсан боловч Ч.Хүрэлбаатарыг цаашид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, улмаар сайдаар томилуулах эрх нь МАН-д нээлттэй юм.
Ийнхүү  сайдаар томилогдож ч амжаагүй байхдаа бүрэлдэж ч амжаагүй Засгийн Газрынхаа нэр хүндийг унагаж эхэлсэн Ч.Хүрэлбаатарт дургүйцэх хүмүүс МАН-ын удирдах хүрээлэлд ч цөөнгүй болсон бөгөөд "Рио Тинто", "М-Си-Эс" группуудтэй эрх ашгийн холбоотой, уул уурхайн элдэв луйварт нэр холбогдсон энэ хүн хэдийгээр Сангийн Сайдаар томилогдсон ч  цаашдаа Засгийн Газрын хийгээд МАН-ын нэр хүндэд маш их сөрөг үр дагавар дагуулна гэж үзэж буй бололтой.
 
Ч.Гансүх
СУРТАЛЧИЛГАА :

Энэхүү нийтлэлд сэтгэгдэл бичих боломжгүй!