sonin.mn
БЭЭЖИН. /Соус Чайна Морнинг Пост/. Хятадын 2130 баян чинээлэг эрхэм Их Британийн ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгөтэй байгаа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн зарласан ядууралтай тэмцэх дайн болоод эдийн засгийн өсөлтөөс ядуус гэхээсээ илүүтэйгээр баячууд илүү их хувь хүртэж буй нь харагдаж байна гэж Хонконгт төвтэй “Соус Чайна Морнинг Пост” сонинд бичжээ.
 
Хятадын “Хурүнь” судалгааны хүрээлэнгийн мэдэгдсэнээр,  300 сая ам.доллароос багагүй хөрөнгө мөнгөтэй баячуудын жагсаалтад энэ онд 74 хүн шинээр нэмэгдсэн байна. Ингэснээр тус улсын 300 сая ам.доллароос дээш хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн тоо 2130 болж, тэдний хөрөнгө нь 2.6 их наяд доллароор хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн хөрөнгө нь дэлхийн тав дахь том эдийн засаг гэгддэг Их Британийн ДНБ-тэй тэнцэж байна.
 
Хятадын хамгийн баян 10 хүний жагсаалтад өөрчлөлт оржээ. Энэ онд тус улсын тэргүүн баянаар 43 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эвергранд” группын ерөнхийлөгч Шюй Жяинь тодорсон байна.
 
 
Өнгөрсөн онд тэргүүн баянаар тодорч байсан “Ванда” группын тэргүүн Ван Жяньлинь ба түүний гэр бүлийнхэн энэ онд 23 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын тавдугаарт оржээ. Компанийх нь хувьцааны ханш унасантай холбоотойгоор түүний хөрөнгө өнгөрсөн оныхоос 28 хувиар буурсан байна.
 
Хятадын хамгийн баян 10 хүн
 
1.   “Эвергранд” группын ерөнхийлөгч Шюй Жяинь /43 тэрбум ам.долларын хөрөнгөтэй/
 
2.   “Тенцент” компанийн захирал Пони Ма Хуатэн /37 тэрбум ам.долларын хөрөнгөтэй/
 
3.   “Алибаба” группын ерөнхийлөгч Жек Ма /30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /
 
4.   “Кантри Гарден” компанийн тэргүүн Ян Хуйянь /24 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /
 
5.   “Ванда” группын тэргүүн Ван Жяньлинь ба түүний гэр бүлийнхэн /23 тэрбум долларын хөрөнгөтэй/
 
6.   “Эс-Эф Экспресс” компанийн захирал Ван Вэй /22 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /
 
7.   “Байду” компанийг үүсгэн байгуулагч Робин Ли Янхун ба түүний эхнэр Ман Дунминь /19 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /
 
8.   “Медиа” группыг үүсгэн байгуулаг Хө Шяньжянь, Хө Жяньфөн  /17 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /
 
9.   “Чайна Пасифик Констракшн” компанийн тэргүүн Ян Хао ба түүний гэр бүлийнхэн /17 тэрбум долларын хөрөнгөтэй/
 
10.    “Нэтиз” компанийн Дин Лэй /16 тэрбум долларын хөрөнгөтэй/
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг