sonin.mn
Бид Коммунизмыг 27 жил муулсан хийрхэл дэгдээлээ. Эргээд тайвшраад бодоход их коммунист хүн гэхээр ажлын алдаа гаргадаггүй хариуцлагатай, хээл хахууль гээчийг үл мэдэх хувийн шуналгүй хүнийг хэлдэг байж. Тийм улаан коммунистын батлахтай хүний тоо бас л 100000 шахаж байв. Дор нь хувьсгалт залуучууд, улаан бүчтэн пионерүүдийг оруулбал хүн амын бараг 80 шахам хувийг коммунизмын нөлөө базаж байсан бололтой. Гэтэл 1990 оноос энэ бүхэнд үнэнч бишээ харуулж, энэ нь хамгийн гол алдаа хоцрогдол болж батлах тэмдэг улаан бүчнүүд нь хог болж хувирсан.
 
Түүнтэй давхцаад хариуцлага гэдэг газарт булагдаж, төрийн албаа ашиг орлогын суудал болгогсдыг шинэ сэтгэлгээтэн, ардчилсан үзэлтэн, сүйхээтэй менежер гэж мандуулах болсноос төр түмний өмч хэдхэн хүний өвөр рүү ховх сорогдсон. Төрийн Гурван өндөрлөг гэгдэгч этгээдүүд тэдний манлайлагчид нь болон баяжиж хөлжиж, хөрөнгө мөнгөөр бүхнийг зохицуулагсад болсон. Коммунист засгийн газар үндэсний урлаг соёлоо маш дээдлэдэг хүндэлдэг, хөгжүүлдэг байж.
 
Төрийн шагналт туульч Авирмэд, уртын дууч Норовбанзад, богинын дууч Цогзолмаа, уран нугараач Норовсамбуу гээд баахан төрийн шагналтан төрж байв даа. Гэтэл сүүлийн жилүүдэд шагнал яаж завхарсныг хэлүүлэлтгүй мэднэ ард түмэн. Бүр хүнд олгохоо болиод "ХОНХНЫ ДУУН" д олгосон гээч. Социализмыг эцэслэхэд " УРЛАГ СОЁЛЫГ ҮЗЭЛ СУРТЛЫН ЗЭВСЭГ" болгосон гээд талбай дээр цуурайтуулан зад шүүмжлэж байсан ХҮН өөоөө Хонхны дуу г шагнан зэвсэг болгох. Хонхны дуу гэдэг их муу ёрын эд л дээ. Хүн хөлөөрөө явж байх үедээ хүрээ хийд, дацан дуганд очих юм уу бөө, лам, пастор, имам д бараалхдаг.
 
Хэвтэрт орж үхэх үедээ хонхны дуугаар үдүүлж эрлэгт очдог гэдэг сэн. Өнөөгийн хуурамч ардчилал ХАВДАР( рак) тусч "ХОНХНЫ ДУУ" гаа ийнхүү уншуулж буй мэт. Хүмүүс коммунист номлолын үеэ санагалзан сайн сайхнаар дурсах болов. Ажилгүйдэлгүй, ядууралгүй, өлсгөлөнгүй бүгд амьдралаа болгоод байх шиг сайхан нийгэм байдаггүй байж. Түүхийн шаардлагаар Монголчууд тойрч болохгүй тулгагдаж зайлшгүй дагасан зам коммунизм байжээ. Хойно Орост цагаан хаанаа хөнөөж большевик коммунистууд төр байгуулсан, урд Гоминдан( гамин) Юань Ши Кай Монгол бол бүгдээрээ манайх гээд "МОНГОЛЫГ ҮЗЭХИЙН ЗҮЙЛ ХУУЛЬ" гаргачихсан, тэгээд Сюй Шү Жаны гамин цэргүүд Нийслэл хүрээнд ороод ирчихсэн үүрдийн суурьшлаа бэхлэж байсан үед хоёр хөршийг даваад өөр хаашаа хандах байсан бэ?
 
Түүхийг өнөөдрөөр харж "Би байсан бол коммунист засаг тогтоолгохгүй капитализмын замаар явуулж улсаа мандуулах байсан. Тэр үеийнхэн над шиг ухаантай биш, муусайн улаан коммунистууд шал усан тэнэг амьтад байж" гэж бодох, ярих барууны тэжээврүүдийг өрөвдмөөр, жигшмээр. Коммунист үзэл хамтач байх онол тулгасан нь буруу биш, нэгдэл байгуулсан нь алдаа бус байсан. Гагцхүү нэгдлийг гишүүд нь биш өөр нэгэн мэдлэгтэй боловсролтой гэгдэх этгээд гаднаас томилогдон ирж хамтын хөрөнгийг удирддаг байсан нь буруу байж. Нэгдэл гэдэг нь Монгол Үг ферм, компани гэдэгтэй утга нь адилхан л байж.
 
Ардчилсан хувьсгалын эхэнд хашгирсан гол урианы нэг "сэхээтэн нарыг хэлмэгдүүлж нэгдлийн малчин болгож хүний эрх чөлөөг уландаа гишгэж байжээ" гэдгийг ч өнөөдөр эргэн харахад инээдэмт эмгэнэл байх. Коммунистууд тухайн үед харин ч ажилтай амьдралтай гаргаж байж өнөөдрийн хуурамч ардчилагчидтай харьцуулахад. Тэгэхдээ тэр үед тэр хэдэн сэхээтнүүдийн санал болгосны дагуу ЗӨВЛӨЛТИЙГ хаяад соёлын хувьсгал ид өрнөж үймээн самуунд автсан Мао Цзедуны улсыг дагах нь зөвдөх байсан гэдэгт одоо ч хүмүүс итгэдэггүй. Өнөөгийн төр засгийнхан өөр намынхнаа хэдэн зуу мянгаар нь ажил амьдралаас нь салган гэнэт халахдаа тэр муулаад байгаа Коммунизмийнхан шиг малчин болгож ажлаар хангадаг гэж үү??? 
 
Тэгээд ч тэр үед Зөвлөлтийн хилийг хаалгасан нь дээр байсан уу?. Мао Цзе Дуны заавраар хөл толгойгоо алдсан соёлын хувьсгал гэгч аймшигт завхралаас сэргийлж урд хилээ хаалгасан нь дээр байсан уу? Хоёулантай нь адил тэгш харилцах гээд хоёр хилээ хоёуланг нь хаалгаж дотроо Зөвлөлтийг дэмжсэн, Хятадыг дэмжсэн гэж хагаралдан өнөөгийн Ардын нам, Ардчилсан нам хоёр шиг тэрсэлдэх нь дээр байсан уу? Хоёр хилээ хаалгачихаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж хөмөрсөн тогоон дотор ороод Монголоороо Монголоо хөгжүүлэх байсан уу? Монгол ухаан эрдмээр ард түмэн энэ бүхнийг тунгаагаад Ю.Цэдэнбал даргын зөв байсанд итгэдэг. Харин тэр үед Ю.Цэдэнбал даргыг хусч хаяад МАО ЦЗЕ ДУН ыг дагасан бол зөв байх байсан гэдэгт итгэх хүн тэр үед байтугай өнөөдөр ч байхгүй байх.
 
Үргэлжлэл бий.
МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү