Испанийн Засгийн газар Каталониос тодруулга өгөхийг шаардав

Нийтэлсэн: 2017-10-12 10:28:20

МАДРИД. /Ройтерс/. Испаниас тусгаар тогтнож байгаагаа албан ёсоор зарласан эсэхээ ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд тодруулан тайлбарлахыг Каталони мужийн удирдагчаас Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой шаардсаныг “Ройтерс” агентлаг уламжилжээ.
 
Каталонийн захирагч Карлес Пьигдемон мягмар гарагт Барселона хотноо мужийн парламентад үг хэлэхдээ “10 дугаар сарын 1-нд явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын олонхи нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Каталони тусгаар улс болох бүрэн эрхтэй болсон. Өнөөдөр бид тусгаар тогтнолоо тунхаглан зарлах тухай холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэхдээ Каталонийн ард түмний хүсэл шаардлагыг хангахын тулд бид Испанийн Төв Засгийн газартай яриа хэлэлцээ хийх зорилгоор тусгаар тогтнолооо албан ёсоор тунхаглан зарлахаа түр хойшлуулаад байна” гэсэн юм.
 
Үүнтэй холбоотойгоор “Таны энэ мэдэгдэл Каталони муж үндсэндээ Испаниас тусгаар тогтнолоо зарласан гэсэн үг мөн эсэхийг 10 дугаар сарын 16-ны өдөр гэхэд бидэнд тодруулан мэдэгдэхийг шаардаж байна” гэсэн агуулгатай захидлыг Испанийн Ерөнхий сайд М.Рахой өчигдөр Каталонийн удирдагч К.Пьигдемонд илгээжээ.
 
Мөн тусгаар тогтнох бодлоо 10 дугаар сарын 19 гэхэд толгойноосоо авч хаяхгүй бол мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авах болно гэж тэрбээр Каталонийн удирдагчдад анхааруулсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: