sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 сарын 4-нд болж, чуулганы хуралдаанд   оролцсон УИХ-ын 47 гишүүн 100 хувь дэмжиж, саналаа өгснөөр У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан  УИХ-ын 29 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Ийнхүү  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талынх нь дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсондоо У.Хүрэлсүх маш их эмзэглэж буй бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ө.Энхтүвшин тэргүүтэй  УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүдтэй тохиролцжээ.
 Ингэснээр шинэ Засгийн газрын сайд нарын 60 хувийг У.Хүрэлсүх өөрөө, 40 хувийг М.Энхболд мэдэж томилохоор болсон гэнэ.
Үүнд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар эгдүүцэж, шинэ Засгийн Газрыг дэмжиж ажиллах боломжгүй болсноо илэрхийлсэн байна. Мөн У.Хүрэлсүх яриа хэлэлцээрийн үеэр давын өмнө "Эрдэнэс Тавантолгой" компаний гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг өөрчлөнө, оронд нь менежментийн ур чадвар сайтай, шинэлэг хүнийг томилно гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Техникийн Их Сургууль, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.
2000-2008 онд "Монцамэ" агентлагийн даргаар ажиллаж байжээ. Д.Ариунболдыг ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын ойрын хүн гэдэг яриа улс төрийн хүрээнийхний дунд байдаг.

Х.Мандах