sonin.mn
ВАШИНГТОН. /Ёнхап/. Аюулгүй байдлын шалтгааны улмаас Умард Солонгос болон бусад долоон улсын ард иргэдийг Америкт нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Д.Трампын гаргасан зарлигийн дагуу ирэх сарын 18-наас эхлэн Умард Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемен гэсэн найман улсын ард иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох ажээ.
 
Ийм зарлиг гаргасныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ “Америкийг аюулгүй байлгах нь миний эн тэргүүний зорилт юм. Бидний аюулгүй байдлыг алдагдуулахыг хэнд ч хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
 
Иран, Ливи, Сири, Сомали, Йемен болон Судан гэсэн зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай түүний анх гаргасан зарлигийн хугацаа ням гарагт дууссан аж. Энэ хоригт багтсан Судан улсыг жагсаалтаас хасаж, үлдсэн таван улс дээр нь Умард Солонгос, Венесуэл болон Чад улсыг нэмсэн шинэ зарлигийг Д.Трамп өчигдөр гаргасан байна.
 
АНУ-ын иргэдийг Умард Солонгост зорчихыг хориглох тухай Д.Трампын зарлиг энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.
 
Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор АНУ болон Умард Солонгос хоорондын харилцаа сүүлийн өдрүүдэд улам бүр хурцдаж, удирдагчид нь нэг нэгэн рүүгээ хатуу ширүүн үг “чулуудсаар” байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг