sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МАН-ын Бага хурлын үйл ажиллагаа нэг цагийн хугацаатай түр завсарлав.
 
Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "Өнөөдөр МАН-ын ээлжит Бага хурал болж байна. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, гурван нэр дэвшигчийн нэрийг оруулж ирсэн. Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахдаа нэг нэр дэвшигч дээр нэр тогтохыг хүссэнгүй. Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломжийг олгох үүднээс Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын нэрийг Бага хурал руу оруулж ирсэн. Бага хурлаас олонхийн санал авсан хүн ялалт байгуулна. Ингэснээр тухайн нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн барих юм.
 
Удирдах зөвлөл дээр ярьсан өөр нэг гол асуудал бол Ерөнхий сайдаар томиологдсон хүн намын эв нэгдлийг хангахын зэрэгцээ намын гишүүдийнхээ санал бодлыг тусгасан Засгийн газрыг байгуулах, цаашлаад Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд шийдвэртэй даван туулахыг чиглэл болгосон” гэлээ. Мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.
 
-Хурлын заалнаас өөр нэгнийг нэр дэвшүүлэх бололцоотой юу?
 
-Намын дүрэмд зааснаар Бага хурлын хуралдаанаас нэр дэвшүүлэх эрх нээлттэй. Гэхдээ одоогийн байдлаар хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй байна.
 
-Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам ялагдсан шалтгааныг авч хэлэлцэж байгаа юм байна. Хариуцлагын тухай асуудлыг хэрхэн хөндөж байна вэ?
 
-Хяналтын ерөнхий хороо сонгуулийн ялагдлын шалтгааныг өөрсдийн хэмжээнд хэрхэн үзэж байгаагаа мэдээлэл болгож тавьж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга ахлаад ялагдлын шалтгаан юу байв гэдэг дээр судалгаа хийсэн. Үүнийгээ одоо бид хэлэлцэж байна.
 
-Санал хураалт хэдийгээр болох вэ. Санал хураалт нууцаар явах уу?
 
-Бага хурлаар 4 асуудал хэлэлцэж байна. Нэгдүгээрт намын даргын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар их хурлын төлөөлөгчийг сонгох болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн асуудлыг тус тус хэлэлцэж байна. Тиймээс орой тийшээ санал хураалт болох байх.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг