sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд намууд улс төржилтөө зогсоож, үндэсний эв нэгдлийг хангах нь чухал байгааг өнөөдөр болсон “Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг”-т оролцогчид онцлов.
 
Монголбанк төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төслийг боловсруулж дууссан байна. Уг төсөлд санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Үндсэн чиглэлийн төслийг ирэх сарын 01-нээс өмнө УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна. Уг хамт Валютын зохицуулалтын тухай, Банкны тухай, Төв банкны тухай болон Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай зэрэг 10 гаруй хуулийг өөрчлөх асуудлыг тусгасан хэмээн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурьдсан юм.
 
Тэрбээр, “Монголбанкны мөнгөний бодлолгын хүүг 14 хувиас 12 болгож бууруулсан. Саяхан Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, 12 хувийн хүүг тогтвортой барих шийдвэр гаргасан. Эдийн засгийн суурь нөхцлийг харахад мөнгөний бодлогын хүүг бууруулах боломж бий. Гэсэн хэдий ч зах зээлийн болон бусад тогтворгүй байдлууд үргэлжилж байна. Тухайлбал, саяхан Засгийн газар огцорсон. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар бодлого баримтлах нь тодорхой бус байгаа. ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх байсан ч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Үүнийг дагаад Монгол Улсад орж ирэх зарим санхүүжилт хойшлогдож байгаа. Тиймээс шууд бууруулах нь эрсдэлтэй” хэмээв.
 
Монголбанк 2018 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд инфляцийн тогтвортой байдлыг хангах зорилтыг тусгажээ. Инфляцийн түвшинг ойрын 3-4 жилд 8 хувьд барьж, тогтвортой байлгах, улмаар зорилтот түвшнээс буулгах бодлого баримтлах аж. Мөн эдийн засаг дахь ам.долларын хэмжээ, гадаад худалдааны тэнцэл, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ зэргийг харгалзан үзэж, валютын ханшийг тогтоох юм. Түүнчлэн Монголбанкнаас гаргаж буй аливаа шийдвэрийг олон нийтэд танилцуулж, нээлттэй, ил тод, хараат бусаар ажиллах бодлого баримтлах зэрэг асуудлыг үндсэн чиглэлд тусгасан хэмээн Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дурьдлаа.
 
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Засгийн газрыг нэн яаралтай байгуулж, эдийн засаг, нийгмээ улс төржилтгүйгээр хөгжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
 
Тухайлбал, “Далайван аудит” компанийн Ерөнхийлөгч Ц. Жигдэн, Газрын баялаг болон бусад эдийн засгийн голлох бүтээгдэхүүнээ аваад үзвэл Монгол Улс хямралд орох хэмжээний орон биш. Гол нь улс төржилт, талцал, хуваагдлаас үүдэн өнөөгийн хямрал үүссэн. Тиймээс Засгийн газраа яаралтай байгуулж, элдэв улс төржилтгүй үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Тун удахгүй Монгол Улс бондын эргэн төлөлтүүдээ хийж эхэлнэ. Үүнийг даван гарахын тулд улс төрийн намууд нэгдсэн бодлоготой, эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд гүн ухаан, эдийн засгийн том онол ярих шаардлагагүй” хэмээв.
 
Харин хэлэлцүүлэгт оролцож буй гадны төлөөлөгчид хүн амынхаа эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарахыг зөвлөв. Тухайлбал, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны суурин төлөөлөгч Тео Хансельс, “Манай байгууллага бага насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлээр Узбекстан улсад хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнтэй ижил хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох нь ирээдүйдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйн иргэд санхүүгийн боловсрол өндөртэй байснаар улс орныхоо эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг