sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна.Энэ удаагийн зочноор“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг урилаа.
 
Готовын БАТЦЭНГЭЛ
 
БОЛОВСРОЛ:
 
Словакийн Комениусын Их Сургуулийн органик химийн анги төгссөн. Тус сургуулийн магистер ба PhD докторын зэрэг хамгаалсан. Химийн ухааны доктор.
 
АЖЛЫН ТУРШЛАГА:
 
Комениусын Их Сургуульд туслах профессороор ажиллаж байсан. Мөн Германы их сургуульд профессороор ажиллаж байв.
 
ОДОО:
 
2008 онд “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
 
ХААНА БАЙГААГАА БОДИТООР ТОДОРХОЙЛ
 
Улс болгон өрсөлдөх чадварын индекс зэрэг үзүүлэлтүүдээ гаргаж дүгнэдэг. Тэгэхээр манай улс бодит байдлаа тогтоох хэрэгтэй.
 
Улсын хөгжил хийсвэр ойлголт биш учраас эдийн засгийн хүчин чадал, боловсролын төвшин, үйлдвэрлэлийн чадамж зэрэг суурь үзүүлэлтүүдийг бодитоор харах учиртай. Эдгээр нь ямар хэмжээнд очсон тохиолдолд аль улстай дүйцэх вэ гэдгийг харах учиртай. Ингэж байж урт, богино, дунд хугацаандаа юу хийх вэ гэдэг зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Үүнийгээ биелүүлэхийн тулд аль замаар явах вэ гэдгээ ч мэддэг байх ёстой. Эцсийн дүнд хүний төлөө бүхий л зүйлийг хийхийг зорьж байгаа учраас хүмүүсээ хөгжүүлэх нь зүйтэй. Хүмүүст боловсрол олгож, эдийн засаг болоод нийгэмд баялаг бүтээх боломжийг олгохоос илүүтэй бэ­лэнч­лэх сэтгэлгээг бий болгож байгаа нь ха­рам­сал­тай санагддаг. Тиймээс боловсролын сал­барт хөрөнгө оруулал­тыг харамгүй хийх шаард­­лагатай юм. Учир нь боловсролтой хүн өөрийгөө авч явах чадвар­тай байхаас гадна улсын хөгжилд хувь нэмрээ оруу­лах боломжтой байдаг. Тухайлбал, бизнесээ хөг­жүүлэх, улсынхаа эдийн засагт тодорхой хувь нэм­рээ оруулах тэрхүү тал­барыг нь төр, засгийн зүгээс бүрдүүлж өгөх хэрэгтэй.
 
БОДЛОГОО ТОДОРХОЙЛЖ, МЕХАНИЗМАА ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
 
Төр засгийн хувьд хариуцах ёстой хэдхэн функц бий. Тэгэхээр зөвхөн боловсрол гэлтгүй тодорхой салбаруудаа хөг­жүүлэхийн тулд бодлогоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх механизмаа тогтоогоод явах ёстой. Жишээлбэл, сайн бо­ловс­рол олгохын тулд сайн багш нар ажиллах хэрэгтэй. Үүний тулд тухайн багш нарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ажилдаа сэтгэл хангалуун байгаа багш хүүхдэд илүү сэтгэл гаргаж хичээл заах боломж бүрдэнэ. Ер нь гадны улс орны жишээнээс харж байхад суурь боловсрол олгох системд нь онолыг ягштал цээжлүүлэхээс илүү амьдралын ухаанд сургах талд түлхүү анхаардаг болсон байгаа юм. Тиймээс өнөөдөр сурч байгаа зүйл хүүхдийн ирээдүйн амьдралд хэрхэн хэрэгжих вэ гэдгийг чухалчлах нь илүү өгөөжтэй гэж боддог. Гэхдээ зөвхөн боловсролын салбараас гадна төрийн хариуцах ёстой хэдхэн үүрэг бий. Гэтэл өөрийн хариуцах үүргээ умартан хэрэггүй зүйл рүү хэт анхаарлаа хандуулснаар гарч байгаа үр дүн нь хүмүүсийн нуруунд үүрэх ачааны жинг нэмж байна. Төр иргэдийн аюулгүй байдал, эрүүл амьдрах боломж болон боловсролд нь анхаарч ажиллах ёстой.
 
Нөгөөтэйгүүр төсөв хүрэлцэхгүй байна хэмээн ярих болсон. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсөв 10 дахин өссөн гэдгийг нуух аргагүй шүү дээ. Эндээс харвал татвар хураамжаар төсөв бүрдэж энэ хэрээр Монгол гэж айл зарцуулах мөнгөтэй байгаа гэсэн үг. Харин үүнийг хэрхэн зарцуулж байна вэ. Үр өгөөжтэй байгаа эсэх, оновчтой шаардлагатай зүйлд зарцуулалт хийж байгаа юу гэх мэтчилэн олон зүйлийг харах ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга батыг чандлан сахихын зэрэгцээ төр хариуцдаг тодорхой функцууддээ санхүүжилтээ өгөх шаардлагатай.
 
ТӨСВИЙН САХИЛГА БАТ БА УЛСТӨРЧДИЙН ҮРЭЛГЭН АРАНШИН
 
Эдийн засаг чадамж­гүй учраас өрөнд орсон гэдэгтэй санал нийлдэггүй. Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдгээ эргэж харах ёстой. Өнөөдөр эдийн засаг 10 дахин өссөн байхад бид чадамжгүй, мөнгөгүй байна гэдэг харамсалтай зүйл. Энэ юунаас үүдсэн бэ гэвэл төсвийн сахилга батыг сахиагүйгээс болсон гэж хардаг. Монгол Улсын Засгийн газар улсынхаа нэрийн өмнөөс олон улсын зах зээлээс их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн. Гэтэл түүнийг нь улстөрчдийн үрэлгэн байдлаас болж төсвийн хүндрэл учирч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийхээ дараа санхүү­гийн чадамжийг дээшлүү­лэх алхмуудыг хийхээс гадна төсвийн сахилга батыг сайжруулах ёстой.
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ
 
Гадаадын хөрөнгө оруулалт аль ч улсын до­тоодын нийт бүтээг­дэхүүнд тодорхой хувийг нь эзэлдэг. Манай улсын хувьд бүх зүйл нь болохгүй болсон мэтээр харж болохгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дэвшилттэй зүйлүүд бий. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1993 онд баталсан. Тухайн үед гадны хөрөн­гө оруулагчдыг урьж Монголд бизнес хийхэд нь таатай орчныг бүр­дүүлж ханддаг байсан. Ингэс­нээр эдийн засгийн өсөлтөд ч тодорхой хувь нэмрээ оруулсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгмийн байдал ч өөрчлөгдөнө. Тиймээс дээрх хуулийг 2013 оны аравдугаар сард хүчингүй болгож оронд нь Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийг баталсан юм. Энэ нь хөрөнгө оруулагч гадаад, дотоод байхаас үл хамааран бизнест оруулсан хөрөнгө нь Монголын нутаг дэвсгэрт шингэж байгаагаараа давуу талтай болсон гэж боддог. Тод­руулбал, хөрөнгө оруу­лагч аль улсын иргэн байхаас шалтгаалахгүйгээр хэрэг­жүүлж байгаа төсөлдөө ажиллах боловсон хүчнийг авахдаа тухайн орон нутгаас сонгоно. Түүнчлэн ханган нийлүү­лэлтээр жижиг, дунд үйлд­вэрлэл хөгжих хөрс болдог. Үүнээс гадна дам нөлөөгөөрөө худалдаа, үйлчилгээ зэрэг салбарт ч үр өгөөжөө өгдөг. Тэгэхээр хөрөнгө оруулалт эдийн засгийн хөгжилд нөлөөлөх томоохон хөшүүргийн нэг юм.
 
Гэтэл одоогийн байд­лаар хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Гэхдээ зөвхөн гадны хөрөнгө оруу­лалт татарсан мэтээр ойлгож болохгүй. Дотоо­дын хөрөнгө оруулалт ч огцом багассан байна. Тэг­вэл эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмье гэвэл хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн гадныхныг оруулж ирэх тухай ярьж болохгүй гэдгийг сануулмаар байна. Яагаад гэвэл дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд ч урам зориг өгөх хэрэгтэй. Учир нь бизнес эрхлэгч эрсдэлээ 100 хувь өөрөө үүрдэг. Өөрөөр хэлбэл, “А” гэх төсөл хэрэг­­жүүлэхийн тулд санхүүжилтээ босгоно. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулалт татаж байгаа юм. Ингээд үйлдвэрээ босгож, ажлаа эхлээд явж байтал улс төрийн тогт­воргүй байдал эсвэл зах зээлээс хамааран тухайн төсөл царцах тохиолдол бий. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд нуруугаа авахуулсан морь шиг халшрах шалтгаан болдог. Гэхдээ зөвхөн “А” гэх төсөл зогсч байгаа гэж болохгүй. Түүнийг дагаад хөгжиж байсан жижиг, дунд үйлдвэрлэл ч зогсох болно. Жишээлбэл, барилгын салбар хөгжиж байх үед зөвхөн барилга барих компаниас гадна, цемент, арматур, тоосгоны үйлдвэр олноор нэмэгдсэн шүү дээ.
 
Тэгэхээр эдийн зас­гийн хөшүүргийн нэг хэсэг нь хөрөнгө оруу­лалт. Ингэхдээ зөвхөн гадаадынх мэт харж болох­гүй. Бас дотоодын хөрөнгө оруулалтаар хөг­жинө гэж өрөөсгөл бодох ч хэрэггүй. Эдгээр нь хосолж хөгжсөнөөр эдийн засгийг бүрдүүлж байгаа юм.
 
Харамсалтай нь хөрөн­гө оруулалтыг дэм­жинэ гэж тунхаглаад зө­рүүлээд л хөрөнгө оруу­­лалтыг үргээх зүйл хийдэг. Жишээлбэл, зарим хуульд өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжид дарамт учруулах заалт оруулж ирдэг. 2015 онд Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэхдээ тус хуулийн 14.1.5-д үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж бий. Өөрөөр хэлбэл, НӨАТ–ыг буцаан авалтад тооцохгүй гэсэн үг. Ингэснээр Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтын өртөг 10 хувиар нэмэгдэж байгаа хэрэг. Энэ мэтчилэн жижиг зүйлсээр бодит дэмжлэгийг боомилдог. Хэдийгээр бодлого бо­ловс­­руулагчид бизнесээ, үйлдвэрлэлээ дэмжих хэрэг­тэй гэж байгаа ч хөр­сөнд буухдаа өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум төгрөгөөр босох байсан үйлдвэр 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй болж байна. Энэ нь тухайн төслөөс эдийн засагт өгөх өгөөжийг бууруулах сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ.
 
ТӨР БОДЛОГО, ШИЙДВЭРЭЭ ТУУШТАЙ ЯВУУЛАХ ЁСТОЙ
 
Улс төрийн тогтвортой байдал гэж Засгийн газар болон Улсын Их Хурал нь 20 жил тасралтгүй удир­дахыг хэлэхгүй. Харин улс төрийн соёл нь ямар байна вэ гэдгээс их зүйл хамаардаг. Түүнчлэн хууль эрх зүйн орчноос ч шалтгаалдаг. Ер нь Япон, Америк ч ялгаагүй Зас­гийн газар, парламент нь солигдож л байдаг. Улстөрчид солигдож болно. Гэхдээ ерөнхий үзэл баримт­лал, чиг хандлага ойлгомжтой байх ёстой. Тухайлбал, монголчуудын чиг хандлага нь эдийн засаг өсч, ажлын байр тогт­вортой байж, нэмэг­дэхийг хүлээдэг. Үүнд тулгуурлан төрийн зүгээс аливаа бодлого шийдвэрээ тууштай явуулах хэрэгтэй. Гэвч сүүлийн жилүүдэд байдал ямар байгааг хүмүүс харж байна. Нэг ч атугай ажлын байрыг хамгаалахын тулд юу хийх вэ гэдэг Засгийн газрын нэн тэргүүнд бодох зүйл нь байх ёстой. Гэхдээ ажлын байрыг нэмэх гол хүчин зүйл нь хувийн хэвшил. Хэрэв эдийн засгийн өсөлт тогтвортой байвал аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтмол болохын зэрэгцээ хөгжих боломж бүрдэнэ. Ингэснээр ажлын байр тогтвортой байж, бас нэмэгдэх хөрс болох юм. Тэгэхээр хувийн хэвшлээ илүү дэмжих учиртай. Дэмжихийн тулд төр бизнест хэт хутгалдахыг хэлдэггүй. Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжих тухай бүгд ярьж байгаатайгаа нийцэх шийдвэр гаргах хэрэгтэй.
 
ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ТОДОРХОЙ БОЛГО
 
Төрийн өмч хэт давам­гайлсан байдлаар эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй. Мэдээж зохистой харьцаагаар төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байж болно. Тодруулбал, аливаа бизнес эрхлэх тоглоомын дүрмийг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн талбайд шүүгч хийж байгаа хүн тог­логчидтойгоо зэрэг­цээд гоол хийгээд гүй­вэл юу болох вэ. Яг үүн­тэй адил төрийн өмчит компани, хувийн хэвшил хоёр өрсөлдөөний зарч­маар ижил төвшинд ажил­лах боломжийг нь бүрдүүлэх учиртай төрийн байгууллага, бодлого тодорхойлогчид тэдний дунд нь орж гүйгээд байхаар хөгжлийг бий болгодоггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Энэ бол маш том сургамж юм.
 
БОДИТ БАЙДАЛТАЙ НҮҮР ТУЛ
 
Эдийн засгийг тогтвортой болгохын тулд бодит байдалтай нүүр тулах ёстой. Нөхцөл байдал ямар байна вэ гэвэл, бид уул уурхайгаас хамааралтай байгаа. Үүний хүчинд сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт бий болсон гэдгийг мартаж болохгүй. Төсвийн орлогын 30 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна гэдэг. Гэхдээ энэ салбараас орж ирсэн эдийн засгийн өсөлт бусад салбарт ч эерэгээр нөлөөлж өндөр өсөлтийг бий болгодог шүү дээ. Тодруулбал, уул уурхайн компанид ажиллаж байгаа “Б” цалингаараа үйлчилгээний газраар үйлчлүүлэхээс гадна зах, худалдааны төв зэрэг олон газраас худалдан авалт хийнэ. Үйлчилгээний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг гэдэг. Тэгэхээр өнөөх л уул уурхайн сал­барын орлого нөлөөлж байгаа гэсэн үг.
 
Бид дунд, урт хугацаан­даа уул уурхайгаас хэт хамаа­ралтай байдлаас гарах тухай ярьж болно. Үүний тулд стратегиа зөв боловсруулах хэрэгтэй. Монгол Улсын хувьд олон улсын зах зээл дээр 200 гаруй улстай өрсөлдөж амьдарна. Тиймээс эхний ээлжинд уул уурхай хөдөл­гүүр юм байна гэд­гийг хүлээн зөвшөөрч хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх учиртай.
 
ҮГҮЙСГЭЖ БУС УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛ
 
Ер нь улсыг хөгжүү­лэхийн тулд тухайн эдийн засагт оролцоотой сал­баруудыг өрсөлдөгчид мэтээр үгүйсгэхийн оронд хоорондын уялдааг нь бэхжүүлэх хэрэгтэй. Уул уурхай, хөдөө аж ахуй гэдэг биесээ үгүйсгэсэн салбар биш. Манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шингээх боломжтой зах зээлийн дэргэд байгаа учраас энэ салбарыг хөгжүүлэх бодлогоо төр тууштай хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд манай улс нүүдлийн мал аж ахуйгаас илүүтэй фермер болон эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь илүү өгөөжтэй гэж хардаг. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа хувийн хэвшил бий. Тэдгээрийг төрөөс хэрхэн дэмжих вэ гэдэг чухал. Ер нь ачааны хүндийг төр нуруундаа үүрэхээс илүү хувийн хэвшлээ зөв бодлогоор дэмжин эдийн засгийн өсөлтийг бий болгох хөрс сууриа бэхжүүлэх бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлэх дүрэм, журмаа цаг алдал­гүй баталж, мөрдүүлдэг байх учиртайг дахин онцолъё. Нөгөө талаас нь харвал, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бас бий. Энэ салбар хөгжсөнөөр агаарын тээвэр, холбоо харилцаа, зочид буудал болон үйлчилгээний газрууд олон улсын стан­дартад нийцэх үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаард­лага урган гарна. Ингэс­нээр өрсөлдөөнийг бий болгож эдийн засагт оруулах хувь нэмэр ч өснө шүү дээ. Дахиад хэлье. Бид хаана байна вэ, юу хийх гэж байгаа вэ гэдгээ тодор­хойлон түүнийгээ төр, засаг нь бодлогоор дэм­жиж, хувийн хэвшил болон иргэдэд эрх чөлөөг нь ол­гос­ноор эдийн засаг тогт­вортой болж улсыг хөг­жүү­лэх хөшүүрэг болно.
 
ХУВИЙН ХЭВШЛИЙН ХҮЧИЙГ ДАЙЧИЛ
 
Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал сайжирч байгаа нь үнэн. Ер нь мөчлөгтэй бизнест хөл тавьсан компаниуд байгаа нөхцөлдөө зохицож ажил­ладаг. Нүүрсний салбарт тул­гамд­сан асуудал нь дэд бүтэц. Үүнийгээ бий болгохын тулд хоёр төсөл хэрэгжих боломжтой хэдий ч хэт туйлшралаас болж царцаж байгаа нь олон улсын зах зээлд гарч буй боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байх эрсдэлтэй юм. Тэгэхээр урагшаа эсвэл зүүн тийшээ төмөр зам барих ёстой гэж маргахын оронд хоёуланг нь яаж барих вэ гэдэг аргыг эрэлхийл. Үнэн хэрэгтээ энэ хоёр төсөл бие биесээ үгүйсгээгүй гэдгийг ойлгох ёстой. Хэрэв эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хоёр гарцтай болвол биз­несийнхэн байгаа болом­жийг алдалгүй ашиглахыг л зорино шүү дээ. Тиймээс цаасан дээр тунхаглахаа зог­соогоод одоо төмөр зам болон бусад шаард­лагатай дэд бүтцийн төслүүдээ бодитой хэрэг­жүүлээд явах хэрэгтэй байна.
 
Гэхдээ улстөрч, төрийн эрх баригчдын шийдвэрээс хамаардаг юм. Хамгийн гол нь хувийн хэвшлийн хүчийг дайчлан бүтээн байгуулалт хийх гарц байгааг мартаж болохгүй.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин