sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын шинэ даргыг сонгох санал хураалтад хоёр нэр дэвшигчид өгсөн санал тэнцсэн тул НИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар тодруулж чадсангүй. 
 
НИТХ-ын 11 дүгээр хуралдаанаас АН-ын бүлгийн авсан хоёр цагийн завсарлага дуусч, 15.20 минутад үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын даргад нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж үг хэлсэн юм. Нэр дэвшигчидтэй  холбоотойгоор асуулт асууж, санал хэлэх төлөөлөгч байсангүй. Улмаар хоёр нэр дэвшигч тус бүр дээр санал хураалтыг нууцаар явуулах болж, Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах болов. Нэр дэвшигч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын санал болгосныг үндэслэн Тооллогын комиссын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Төрхүү, Н.Батсүмбэрэл, Г.Төмөрбаатар, Ё.Цацралтуяа нарыг оролцуулахаар тогтоол баталлаа.
 
Тооллогын комиссын шийдвэрийн дагуу санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд төлөөлөгч бүрт саналын хуудас тараан,  нэр дэвшигчдээс 50+1 саналыг авсан нь сонгогдсон тооцох болов. Ингээд санал хураалт явуулахад Д.Баярсайхан төлөөлөгчид 17, С.Амарсайхан төлөөлөгчид 17 санал өгсөн бол хүчингүй 10 санал гарсан байна. Өөрөөр хэлбэл хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж,  шинэ дарга тодорсонгүй. 
 
Санал хураалтын талаар Тооллогын комиссын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа "Нууцаар явуулсан санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 44 оролцож, хоёр нэр дэвшигчид тус бүр 17 санал, хүчингүй буюу цагаан хуудас 10 гарлаа. Ингээд хэн нь ч олонхийн санал авч чадсангүй. Дараагийн хуралдаанд НИТХ-ын шинэ даргад хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаараа шийднэ. Ерөнхийдөө энэ хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүйгээс НИТХ-ын төлөөлөгчид ямар дүгнэлт хийсэн нь харагдаж байгаа байх" гэлээ. 
 
Улмаар НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөлөө. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг