sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын шинэ даргад МАН-ын бүлгээс Д.Баярсайхан, АН-ын бүлгээс С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлж, өрсөлдүүлэх болоод байна.
 
НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж буй Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.
 
Харин НИТХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй “Оюуны ундраа” группын захирал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Амарсайханы нэрийг дэвшүүлээд байна.
 
НИТХ-ын даргад өрсөлдөгчдөөс байр суурийг нь тодруулсныг хүргэж байна.
 
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан: НИТХ дахь МАН-ын бүлгээс намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүлж байна. Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байгааг бодолцсон байх. Манай нам жендерийн тэгш байдлыг хангахад нэлээд санал санаачлагатай ажилладаг. Тиймээс намайг дэвшүүллээ. Дүн гарсны дараа дараагийн ярилцлагийг өгье.
 
 
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан: НИТХ болон энэ байгууллагын төлөөлөгчид гэдэг зөв зүйлд санаачлагатай, хариуцлагатай, ёс зүйтэй, хамтач нөхөр байх ёстой. Харин явцуу, амин хувиа бодсон, улс төржсөн эсвэл намын бодлого нэрээр ганц хүний бодол, цөөн хүний хүслийн хайрцаг болж байгааг бид таслан зогсоож, хариуцлагатай, шийдэмгий эсэргүүцэгч, цаашилбал шударга ёс, үнэн бодит байдлыг иргэдийн өмнө гаргаж тавих болно. Өөрөөр хэлбэл намын бодлого гэдэг улс орны хөгжлийн бодлого байх ёстой учир үүнд анхаарч ажиллана.  Би албан тушаалын араас явж буй зүйл байхгүй. Нөхөд надад итгэж дэмжин, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ажил явуулж, асуудал шийдвэрлэн, хамтарч ажиллуулах, зогсонги байгаа ажлыг цааш идэвхжүүлэн үргэлжлүүл гэж нэр дэвшүүлж байна. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хоорондоо ямар нэгэн уялдаа холбоо байхгүй, үүнээс үүдэн нийслэлийн ирээдүй, хөгжил, иргэдийн хүлээлт тодорхойгүй байна. Тиймээс албан тушаал гэхээс илүүтэй, ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүйгээр НИТХ-ын төлөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд нээлттэй ил тод, шүүмжлэлтэй хандана. Хэсэг бүлгийн хайрцагласан асуудал орж ирж байна. Энд зөвхөн С.Амарсайханы биш, НИТХ-ын даргын асуудал биш, харин Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хотын хувь тавиланг хэдэн хүн, хэзээ хаана, хэний хүсэл сонирхлоор шийдэж байна, тэр нь эргээд иргэдийн ирээдүйд ямар нийтлэг үр өгөөжийг өгөх вэ гэдгийг шийдэж байна.
 
Ингээд дээрх нэр дэвшигчдээс хэн нь НИТХ-ыг цааш удирдах дарга болох нь үдээс хойш дахин хуралдах НИТХ-ын 11 дүгээр хуралдааны санал хураалтаар тодрох юм. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг