sonin.mn
ПХЕНЬЯН. /СТЦМА/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ “Хэрвээ шаардлага гарвал манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өчигдөр орой мэдэгдэл хийснийг Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг /СТЦМА/ уламжилжээ.
 
Ким Жөн Уны мэдэгдэлд “Умард Солонгосыг бүрэн устгах болно гэж АНУ түүхэн дэх хамгийн хэрцгий мэдэгдлийг хийлээ. Бид ч бас түүхэн дэх хамгийн хатуу чанга хариуг түүнд барих болно. Д.Трампын мэдэгдэл сонгосон замаасаа буцаж болохгүйг надад ойлгууллаа. Бид цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Харин ч цөмийн зэвсэг болон пуужингаа илүү боловсронгуй болгох болно” гэжээ.
 
Мөн тэрбээр Д.Трампын НҮБ-ын индрээс хэлсэн үгний тухай дурдаад "Айсан нохой илүү чангаар хуцдаг юм" гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг