sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж, БНАСАУ-ын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэж, тус улсын эрх баригчдын эсрэг шахалтыг дээд цэгт нь хүргэх хүчин чармайлт гаргахаар тохиролцов гэж уулзалтын үр дүнгээр Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд өгүүлжээ.
 
"Гурван улсын удирдагчид БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд бусад улстай ажиллахаар тохиролцов” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
 
“Умард Солонгосын өдөөн хатгасан үйлдлүүд нь манай гурван улсыг улам нэгтгэн нягтруулж байна” гэж АНУ, Бүгд найрамдах Солонгос, Японы удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганы завсар чөлөөгөөр уулзахдаа мэдэгджээ.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг