sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
 
Хангарьд ордонд болж буй НИТХ-ын хуралдааны эхний асуудлаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал Ц.Одонтунгалаг төлөөлөгч НИТХ гэх хариуцлагатай ажлыг үргэлжлүүлэн удирдахгүй яагаад ажлаа өгч байгааг асуухад Ц.Сандуй "Eрөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д МАН ялагдсан тул улс төрийн хариуцлагаа хүлээж,  албан тушаалаа өгч байна" гэлээ. 
 
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "2012-2016 он хүртэл үйл ажиллагаа нь жигдэрч,  хотын бүхий л асуудлыг хариуцан шийдвэрлэж ирсэн НИТХ-ыг идэвхгүй болголоо. Хуралдаанаа ч хийхгүй байна. НИТХ-ын хуралдаан УИХ-ын чуулганаас илүү нийслэлийнхний анхаарлыг татдаг. Нийслэлийг Засаг дарга биш, НИТХ удирддаг. Хуралдаанаа хийхгүй цалгардуулж,  ажил алдагдуулж байгаа нь ямар шалтгаантай вэ" гэв. Хотын дарга С.Батболд үүнд "НИТХ хуралдаагүйгээс зогссон нэг ч төсөл хөтөлбөр байхгүй. Хотын ажил хэвийн үргэлжилж байгаа" гэсэн бол Ц.Сандуй "НИТХ урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь жилд 2-3 хуралддаг байсан бол энэ он гарсаар 11 удаа хуралдсан байна" гэж хариулав. 
 
НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчдөөс НИТХ-ын үйл ажиллагааг цалгардуулж, шийдвэрлэх шаардлагатай олон тулгамдсан асуудал байхад хуралдаанаа зарлахгүй явж ирснийг шүүмжлээд, нийслэлийн ажлыг улс төржүүлж,  сандал суудлын төлөөх хагаралдааны талбар болгож байна хэмээж байв. НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "МАН зарчимтай нам гэсэн мөртлөө сонгуульд ялагдсан хариуцлагыг яагаад НИТХ дарга хүлээж байгаа вэ. Ц.Сандуй ажлаа өгч байгаа шалтгаан бол, eрдөө 60 тэрбумын хэрэгтэй холбоотой гэж би бодож байгаа. Энэ асуудлаа эцэслэж шийдэхгүй бол цаашид ч танай нам энэ хэрэгтэй наалдаж явна" гэв. 
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Харин эсрэг санал өгсөн 2, огт санал өгөөгүй зургаан төлөөлөгч байсан юм. 
 
Сануулахад, наймдугаар сарын 31-нд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан юм. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргаар зогсохгүй, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан. Өргөдөл гаргасан шалтгаанаа тэрбээр “Сонгуулийн тухайд хариуцлагаа хүлээж байна. Харин "60 тэрбумын" гэх хэрэгт гурав дахь удаагаа шалгагдаж байгаа. Гэхдээ уг хэрэгт холбоогүй учир өмнө ажлаа өгч, шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байсан. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын даргын суудлаа өгч, хэрэгт буруугүй гэдгээ шалгуулж тогтоолгоно” хэмээн тайлбарлаж байсан юм. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг