sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. НҮБ-ын харьяа байгууллагуудаар дамжуулан Умард Солонгост 8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр баталжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
 
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Энэ тусламж Умард Солонгосын хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахад тусална гэдэгт бид найдаж байна” гэжээ.
 
Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ-ын харьяа Дэлхийн хүнсий хөтөлбөрөөр дамжуулан 4.5 сая ам.долларын хүнсний тусламж, Хүүхдийн сангаар дамжуулан 3.5 сая долларын эм тарианы тусламжийг Умард Солонгосын хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхэд багачууд, жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настнуудад үзүүлэх ажээ.
 
Мүн Жэ Ин ерөнхийлөгч болсноос хойш Өмнөд Солонгос Умард Солонгост анх удаагаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж байгаа нь энэ юм. Хүмүүнлэгийн тусламжийг яг хэзээнээс үзүүлж эхлэх нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, Солонгосын хойгийн нөхцөл байдлаас хамаараад хэзээнээс тусламжийн бүтээгдэхүүнийг Умард Солонгос руу илгээхээ шийдэх бололтой.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг