sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Киодо/. Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай  олон улсын гэрээнд 50 улс орон гарын үсэг зурлаа гэж Японы "Киодо" агентлаг мэдээлжээ.
 
Уг гэрээнд гарын үсэг зурах ёслол лхагва гарагийн орой Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болсон байна.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ёслолын дараа мэдэгдэл хийхдээ “Дэлхий нийтийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгод хүрэхэд бид нэгэн чухал алхмаар ойртлоо. Дэлхий нийт, бидний үр хойчид аюул учруулах ийм зэвсгийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөх учиргүй” гэжээ.
 
Энэ гэрээний талаарх хэлэлцээг даргалсан Коста-Рикагийн Ерөнхийлөгч Луис Гуиллеро Солис Ривера “Цөмийн зэвсгийн улмаас хүн төрөлхтөн байнгын айдастай амьдарч байна” гэж хэлээд, гэрээнд нэгдэхийг цөмийн зэвсэгтэй улс орнуудад уриалжээ.
 
Гэрээнд 50 улс орон гарын үсэг зурж, соёрхон баталснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох аж.
 
Уг гэрээгээр цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, тухайлбал цөмийн зэвсэг үйлдвэрлэж, турших, цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг бүрэн хоригложээ.
 
Гэхдээ энэ гэрээнд цөмийн цөмийн зэвсэгтэй улс орнууд, тэдгээрийн дотор Япон улс гарын үсэг зураагүй байна. Учир нь тус улс цөмийн зэвсгийг улс орноо болон ард түмнээ “хамгаалах хэрэгсэл” гэж үзэж байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг