sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодруулахаар болжээ. 
 
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргын томилгоог буюу нэр дэвшигчийг хэлэлцсэн. Хуралдаанд нийт таван хүн нэрээ дэвшүүлснээс санал хураалтаар гурван хүн олонхийн санал аваад байгаа юм. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар тунаж үлдээд буй юм.
 
Эдгээр нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг нь тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар тодруулсан нэг нэр дэвшигчийг маргааш болох НИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаанд оруулан шийдвэрлэх юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг