sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн эсэх талаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тайлбар өглөө. 
 
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлээд байгаа юм. Тэгвэл уг мэдээллийн талаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс тодруулахад "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаар худал мэдээлэл гаргаж, тараагаад байна. Би Х.Бадамсүрэнтэй холбогдоход "Өглөөнөөс хойш янз бүрийн мэдээлэл гараад байна. Би өөрөө мэдээлэл хийнэ" гэж хариулсан. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Мөн АТГ-т шалгуулаагүй. Хэрэв өргөдөл гаргавал надад ирэх ёстой. Гэтэл ямар өргөдөл ирээгүй.
Ерөнхийдөө үйлдвэрийн үйл ажиллагаа маш сайн явж байгаа. Улсад төлдөг татвар, хураамж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, шимтгэл бүгдийг нь давуулан биелүүлээд явж байгаа. Дахиад хэлэхэд Үйлдвэрийн Ерөнхий захирал ажлаа өгөөгүй. Өнгөрсөн жил 11 дүгээр сарын үед Х.Бадамсүрэн гэж мэргэжлийн хүнийг үйлдвэрийн даргаар дөрвөн жилийн хугацаатай тавьсан" гэлээ.  
 
Энэ мэдээллийн талаар мөн өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн байранд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийх болжээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг