sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд анх удаагаа үг хэлэх үеэрээ “Америк нэгдүгээрт” бодлогоо, Иран, Умард Солонгос, лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаа зэрэг асуудлыг онцлон дурдсаныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжилжээ.
 
Америк нэгдүгээрт
 
Дональд Трамп өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол уриа болох “Америк нэгдүгээрт” бодлогоо олон улсын удирдагчид болон дипломатчдын өмнө онцлон дурдсан байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Манай улсын Засгийн газрын нэн тэргүүний үүрэг бол ард түмнээ хамгаалах, тэдэнд үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг хангаж,  тэдний эрх бөгөөд үнэт зүйлсийг хамгаалах явдал юм. Удирдагчид та бүхэн улс орныхоо эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьдагтай адил би АНУ-ын төрийн тэргүүний хувьд Америкийг хэзээд нэгдүгээрт тавих болно" гэжээ
 
Дараа нь тэрбээр “Бид улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, ирээдүйнхээ эзэн байх хэрэгтэй. Бид өөрсдийн ашиг сонирхол, соёлоо хамгаалж, ард түмэндээ амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Би АНУ-ыг удирдах хугацаандаа улс орноо дахин аугаа болгож, ард түмнийхээ итгэл үнэмшил, бахархал бардамнал бөгөөд эх оронч үзлийг сэргээх болно” гэжээ.
 
 
Иран ба Венесуэл
 
АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс Иран улсыг хатуу шүүмжилж, тус улсын засгийн газрыг дүр эсгэсэн ардчиллын цаана нуугдсан “авлигад идэгдсэн дарангуйлагч” гэж тодорхойлжээ.
 
Д.Трамп хэлэхдээ “Түүх бөгөөд соёлын арвин их баялагтай энэ чинээлэг улс орон өнөөдөр эдийн засгийн хямралд орж, хүчирхийлэл, цуст мөргөлдөөн, үймээн самууныг гол экспортлогч болж хувираад байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Тегеран арвин их нөөц баялгаа “гэм зэмгүй лалын шашинтнуудыг хөнөөж, Арабын орнууд болон Израилийн амар тайван байдлыг алдагдуулахад” ашигласаар байна. Улс орнуудын байдлыг тогтворгүй болгож, аюултай пуужин үйлдвэрлэж буй ийм “алуурчин” дэглэмийг бид хүлээн зөвшөөрч, зүгээр хараад сууж чадахгүй” гэсэн байна.
 
АНУ-ын удирдагч мөн дэлхий нийтийн анхаарлыг татсан халуун цэгүүдийн нэг болоод буй Венесуэл улсын асуудлыг онцлон дурджээ. Тэрбээр хэлэхдээ “Николас Мадурогийн социалист дарангуйллын дэглэм нэгэн үед хөгжин цэцэглэж байсан Венесуэл улсыг эдийн засгийн гүн хямралд оруулж,  ард түмнийг нь зовлонд унагаагаад байна” гэжээ.
 
Мөн “Венесуэлд социализмыг муу хэрэгжүүлсэн биш, харин социализмыг итгэл үнэмшилтэйгээр тууштай хэрэгжүүлсэнд асуудлын гол нь байна” гэж түүнийг хэлэхэд, танхимд сууж байсан хүмүүс нир хийтэл инээлджээ.
 
Умард Солонгосын “пуужинтай залуу”
 
Умард Солонгос хямралын тухай Д.Трамп ярихдаа тус улсын гянданд хоригдож байгаад эх орондоо ирсний дараахан нас барсан америк оюутан Отто Уормбиер болон одоо шоронд хоригдож байгаа хүмүүсийн тухай эхлээд дурдсан байна.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгос цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилт удаа дараалан хийж бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдалд аюул заналхийлсээр байна. Зарим улс орон ийм аюултай улс оронтой худалдаа хийгээд зогсохгүй зэвсэг нийлүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь аймшигтай. Өөрийгөө пуужин болон цөмийн зэвсгээр зэвсэглэн дэлхий нийтийг сүрдүүлж буй ийм бурангуй дэглэм Умард Солонгосоос өөр байхгүй” гэжээ.
 
Мөн тэрбээр “АНУ бол аугаа хүчирхэг бөгөөд хүлээцтэй улс. Гэхдээ бид шаардлага гарсан тохиолдолд улс орноо болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн утсгахаас ч буцахгүй. Пуужинтай залуу өөрийгөө болон улс орноо сүйрүүлэх “аянд” хэдийн гараад байна” гэжээ.
 
Дайн ба зэвсэгт мөргөлдөөний талаар
 
Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийг дарж авах ажиллагаа сүүлийн үед нэлээд “ололт амжилттай” байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлжээ.
 
“Босогчдоос чөлөөгдсөн газруудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй НҮБ-ын харьяа байгууллагуудад бид талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Ялангуяа, Сириэс дүрвэгсдийг хүлээж авсан Иордан, Турк болон Ливан улсад бид онцгойлон талархал илэрхийлэх ёстой”  гэж тэрбээр хэлсэн байна.
 
Сирийн дайны тухайд тэрбээр ярихдаа “Бид Сирийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэн Сирийн байдлыг тогтвортой болгож, нөхцөл байдлыг намжаах улс төрийн шийдлийг олохыг эрмэлзсээр байна. Башар Аль-Асад гэгч гэмт этгээдийн Засгийн газар гэм зэмгүй иргэд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, химийн зэвсэг ашигласан нь эрүүл саруул ухаант хүн бүрийг цочирдуулсан” хэмээн тэмдэглэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг