sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль өндөрлөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр эрх баригч МАН-ынхан хэд хэдэн хуурамч амлалт өгч, тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж байсан нь одоо нэгэнт ил болж эхэллээ. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өмнө хүүхэд бүрт 20 000 төгрөг олгох Засгийн Газрын шийдвэр гарч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга гэгч  нэгэн хүүхдийн мөнгө цаашдаа сар болгон иргэдийн дансанд орно гэж мэдэгдсэн ч өдгөө энэ нь хэрэгжихгүй байгаа.
Мөн 7 сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өгсөн. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгаж байлаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат энэ тухай: 
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлнэ гэсэн зорилт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
 УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахыг үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан.  Шүүх Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр  Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо” хэмээн өгүүлж байв. Энэ тухай ч Sonin.mn цаг тухайд нь мэдээлж байсан билээ.
 
 
 МАН-ын удирдлага уг шийдвэрээ ихэд дэвэргэн, сурталчилж Г.Арслан, Монголын Ногоон Нам зэрэг тус намын хөлсөлсөн иргэний хөдөлгөөнийхөн гэгчид "Эрдэнэт" үйлдвэр ард түмний мэдэлд ирлээ гэсэн баярын жагсаал ч хийж байсан юм. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдсаныхаа дараа М.Энхболд даргатай МАН ч, УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг ч, Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар ч энэ тухай огт яриагүй бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ард иргэдэд хэрхэн хувьцаа болгон олгох нь одоог хүртэл огт тодорхойгүй хэвээр байна. Хэрэв уг асуудал шийдэгдэхгүй замхрах аваас Монголын төр тодорхой асуудлаар албан ёсны шийдвэр гарлаа хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн явдал болно. Энэ тохиолдолд уг шийдвэрийг гаргасан Жаргалтулгын Эрдэнэбат, Жамьяангийн Мөнхбат тэргүүтэй 2016-2017 онд Засгийн Газрын гишүүн, сайд байсан нөхдүүдэд хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.
Юутай ч "Эрдэнэт"-ийн хувьцааг иргэддээ олгох шийдвэр чинь юу болсон бэ? гэдгийг МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат нараас дахин дахин асуумаар байна.
 
П.Мандах