sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. “Биткоин” хэмээх цахим мөнгө бол “луйвар”-ын шинжтэй зүйл бөгөөд мансууруулах бодис наймаалагчид, алуурчдаас гадна Умард Солонгос шиг газарт амьдардаг хүмүүс л ашиглахад тохирсон эд гэж Америкийн “Жи-Пи Морган Чейз” компанийн захирал Жейми Димон хэллээ гэж Их Британийн “Ройтерс” агентлаг мэдээлэв.
 
Америкийн хамгийн том банкны тэргүүн Ж.Димон өчигдөр Нью-Йорк хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ “Биткоин гэх энэ цахим мөнгөөр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон хэнийг ч би компаниасаа “секундийн дотор” халах болно. Халах  хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт энэ цахим мөнгөөр гүйлгээ хийнэ гэдэг манай компанийн дүрэм журмыг зөрчсөн хэрэг. Хоёрдугаарт тэр хүн хэрхэвч эрүүл ухаантай хүн байж таарахгүй. Энэ хоёр шалтгааны аль нь ч байсан аюултай” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Хэрвээ та Венесуэл, Эквадор эсвэл Умард Солонгосын хаа нэгтээ байсан бол, мөн хэрвээ та хар тамхины наймаачин, хүн амины хэрэгтэн бол танд ам.доллароос илүүтэйгээр “Биткоин” хэрэг болж магадгүй юм. Тэнд л “Биткоин”-ы зах зээл байж болох юм. Зах зээл байлаа гэж бодоход тэр нь хялгаарлагдмал байх болно” гэсэн байна.
 
“Биткоин” бол 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын дараа гарч ирсэн виртуал валют юм. Энэ цахим төлбөрийн хэрэгсэл нь хүмүүст бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг уламжлалт төлбөр төлөх систем болон банкинд хандалгүйгээр шийдэх боломжийг олгодог ажээ. Банкууд болон санхүүгийн бусад байгууллага “Биткоин”-ыг мөнгө угаагчид болон цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үздэг ч энэ таамгаа нэг ч улсын Засгийн газар одоогоор нотолж чадаагүй байна.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш энэ цахим мөнгөний ханш дөрөв гаруй дахин нугарч өсөн нэгжийн үнэ нь өнгөрсөн сард 4700 долларт хүрчээ. Харин Ж.Димон лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийсний дараа ханш нь 4000 доллар болж буурсан гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг