sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндсэн хууль: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр Эрдмийн их сургуулийн хурлын танхимд боллоо. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл  “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу” сэдэвт илтгэлдээ, “1992 оны Үндсэн хуулийн чадавх үндсэндээ шавхагдсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн чухал” хэмээн тэмдэглэсэн.
 
Түүний илтгэлийн гол санаа нь 1992 оны Үндсэн хуулийг улс төрийн туйлын хурцадмал байдалд баталсан. Ингэхдээ тэрхүү хурцадмал байдлаас хурдан гарахад Үндсэн хуулийн нөлөө их гэж дүгнэсэн учир маш богино хугацаанд буюу хагас жилийн дотор хуулиа боловсруулсан. Боловсруулалтын явцад олон улсын тунхаглал, ижил төстэй хууль, зарим баримт бичгийг шууд хуулбарласан нь монголын нийгмийн амьдралд  ямар үр дагавар авчрахыг урьдчилан тооцоолоогүй.
 
Үүний дээр зах зээлийн эдийн засагт шилжсэн тохиолдолд улс орны эдийн засаг хар аяндаа хөгжинө хэмээн урьдчилан тооцсон. Олон ургальч үзэл бодол, шашин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангачихвал олон түмний оюун санааны хөгжлийг хангаж чадна гэж үзсэн. Ардчиллыг хөгжүүлбэл улс орон тууштай хөгжин цэцэглэнэ хэмээн үзэж, Үндсэн хуулийн оршил хэсэгт хүмүүнлэг, арчилсан нийгэм цогцоолно хэмээн тунхагласан ч одоогийн өндөрлөгөөс харахад монголын нийгэмд хөгжил дэвшлийг, ард түмэнд сэтгэл хангалуун амьдрал авчирч чадсангүй. Цаашид ийм байдлаар үргэлжилбэл удаах зуунд ч улс орон хөгжиж чадахгүй, Монгол улс мөхлийн аюул нүүрлэсээр байх болно гэжээ.
 
Иймд шинээр оруулах нэмэлт өөрчлөлтөд улс үндэстнийхээ оршин буй заяамал нөхцөл байдалтай шүтэн барилдсан уламжлалт аж төрөх ёс, оюун санааны өв, соёл нийгмийн тогтолцоо, сэтгэлгээний хэв маяг, хөгжлийн загварыг суулгаж өгөх шаардлагатай хэмээн тэрбээр үзэж байна. Илтгэлтэй холбогдуулж эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцсон бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх явцад бүх нийтийн оролцоо, ялангуяа эрдэмтдийн байр суурийг онцгойлон сонсох ёстой гэдэгт бүгд санал нэг байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргаж, олон нийтийн хүртээл болгохоор тогтов.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг