sonin.mn
…Би Монголын нийгэм дэх нэг үзэгдлийг ойлгодоггүй юм. Буруу шийдвэр болоод буруу үйлдэл болгоны хариуцах эзнийг олдоггүй будилаад, битүү утгатай тайлбар учирлаад байдгийг. Яаж ч бодсон тэр шийдвэрийг гаргасан, баталгаажуулсан цаасан дээр хэн нэгний гарын үсэг байж л байгаа шүү дээ. Тэр хүнтэй нь хариуцлага тооцохоор шаардаж эхлэх ёстой юм шиг. Хэрэв тэр хүн хэн нэгний дарамтад ороод гарын үсэг зурсан бол, эсвэл авилгал аваад гарын үсэг зурсан бол, нѳгѳѳ бол “Би арыг нь даанаа, чи зүгээр л гарын үсгээ л зурчих” гэж хэлсэн хүнээ тэд илчлэх учиртай юм шүү дээ. Гаргасан шийдвэр нь буруу байнаа, үүний улмаас “олон нийт эсвэл Монгол улс хохирсон байнаа” гэж нотлоод хариуцлага хүлээлгэх гэхээр эзэн нь олддоггүй. АТГ мэтийн газрууд нь хайгаад л , УИХ д насаараа сууж ѳѳрийгѳѳ “шударга” гэж дуудуулах дуртай Ц.Нямдорж нь “Би та нарыг мэдэж байгаа шүү”  хэмээн учир битүүлэг сүрдүүлээд байгаа мѳртлѳѳ нэрийг нь хэзээ ч нэрлэдэггүй нэг тийм сонин, үл ойлгогдох тогтолцоотой.
 
Миний бодоход, гаргасан шийдвэрийг нь баталгаажуулаад цаасан дээр буулгасан баримтуудыг нь архиваас гаргаж ирээд гарын үсэг зурсан хүнийг нь дуудаж авчраад тайлбарлуулж, нотлуулахад л болчихмоор. Хэрвээ хуйвалдсан бол хамсаатнаа илчилж хэлнэ, хуйвалдаагүй ганцаараа шийдвэр гаргасан бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд л явах учиртай мэт.
 
1.     Монголын уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензүүд бүгд гарын үсэгтэй байгаа
2.     Улаанбаатар хот орчимд болон орон нутгийн хэмжээнд газар олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
3.     Тѳрѳл бүрийн хязгаар тогтоосон “тусгай зѳвшѳѳрѳл”- үүд бүгд гарын үсэгтэй байгаа
4.     Ѳдгѳѳ ашиглалтад орсон даруйдаа эвдэрч дахин засвар хийдэг замуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын усэгтэй байгаа
5.     Ашиг олох зорилгоор хямд үнэтэй, чанаргүй материалуудаар барьсан барилгуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын үсэгтэй байгаа
6.     Тѳрѳл бүрийн тендэр болод санхүүжилтыг шалгаруулалтаар сонгож зѳвшѳѳрѳл олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
 
гэхчилэн ѳдгѳѳ бидний хувьд завшсан, хуйвалдсан байж магадгүй хэмээн хардаж, дургүйцэн бухимдаад байгаа буруу шийдвэр болгон баталгаажуулсан гарын үсэгтэй байгаа. Харин энэ гарын үсэгнүүд яагаад хариуцлага хүлээдэггүй, ядахнаа л тайлбар хийдэггүй юм бол. “Буух эзэнтэй буцах мѳртэй” хэмээн бид гарын үсгээ баталгаа болгон зурдаг.
 
…Иргэд бид амьдралд минь хэрэг болох олон бичиг баримтад гарын үсгээ зурцгаадаг.  Хэрвээ байрныхаа мѳнгийг хугацаандаа тѳлж чадаагүй бол торгууль тѳлж, огт тѳлж чадахгүй бол байрнаасаа хѳѳгдѳнѳ.  Гарын үсгээ зурсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүү дээ. Ажил дээрээ дандаа хоцроод байвал, эсвэл хариуцсан ажлаа сайн хийж чадалгүй хариуцлага алдвал гэрээнд заасан заалтынхаа дагуу ажлаасаа халагдана. Яагаад гэвэл, би ажилд орохдоо байгуулж гарын үсгээ зурсан гэрээний заалтаа  биелүүлээгүй учраас. Иргэд бид нийгэмд бусдын эрх ашгийг хундэтгэн хуулийн дагуу үүргээ биелүүлнэ хэмээн баталгаа болгож гарын үсгээ зурсныхаа тѳлѳѳ байнга хариуцлага хүлээж байдаг.  Ѳѳр сонголт үгүй. Миний дураараа дургих эрх бусдын амар амгалан байх эрхээр хязгаарлагдаж байгаагийн нотолгоо. Нѳгѳѳ талаас ѳѳрийн эрхээ баталгаажуулсан иргэний үүрэг бас хариуцлага.
 
…Хариуцлага тооцохыг шаардаад байхад эзэн нь олддоггүй, эзэн нь олддоггүй учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй Монголын улстѳрийн тогтолцоог би гайхаад байдаг юм. Хэрвээ М.Энхболд, Бадамжунай нарыг Улаанбаатар хотын газрыг хууль бусаар зарсан гэж хардаад байгаа бол, он оноор нь газар олгосон зѳвшѳѳрлийн шийдвэрүүд дээрх гарын үсгийг нь гаргаж ирээд тэднээр тайлбарлуулья л даа. Хот тѳлѳвлѳлтѳѳс гадуурх байгууламжууд, хүүхдүүдийн тоглоомын талбай, сургууль эмнэлгүүдийн эдэлбэр газруудыг бизнесийн зориулалтаар олгосон зѳвшѳѳрлүүдийн дор зурагдсан гарын үсгүүдийг жагсаагаад үзье. Гэхдээ хот тѳлѳвлѳлтийн зурагтай нь тулгаад л. Яг энэчлэнгээр дээр дурдсан бүх зѳвшѳѳрлүүдийг архивуудаас авчраад нэгд нэгэнгүй шалган тодруулж болно. Монгол хүний нэр дээр авсан мѳртлѳѳ ард нь ихэвчлэн хятад эзэд байдаг уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз болгон гарын үсэгтэй байгаа. Бүгдийг нь ул суурьтай шалгаж тодруулах шаардлагатай. Эс тэгвэл “мэднэ шүү”, “хохь чинь шүү”, “булхайг чинь дэлгэнэ шүү” хэмээн шазуураа зуун хэлсэн үгсийг сонсон, түүнийг нь  “гэсэн гэнээ” хэмээх хачиртай цуу яриагаар баяжуулан цаг хугацааг элээсээр л байх бололтой. Гарын үсгээ тодоос тод зурсан атлаа буруу муу шийдвэрийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээдэггүй тогтолцоог ѳѳрчлѳх цаг нь боллоо. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй”. Энэ хилэнц нь “буух эзэнтэй, буцах мѳртэй” гарын үсгээр баталгаажиж байдаг юм билээ.
 
   Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах