sonin.mn
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хагас дамжуулагч үйлдвэрлэдэг Америкийн “Lattice” компанийг Хятадын улсын өмчит корпорацид зарахыг хоригложээ. Энэ тухай лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээллээ.
 
Түүний мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп “Lattice Semiconductor Corporation” компани болон өөр хэд хэдэн компанийг Хятадын “China Venture Capital Fund Corporation”/CVFC/ корпорацид зарахыг хориглосон захирамж гаргажээ. Хятадын “CVCF” корпорацыг аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, хамтарсан хөрөнгийг удирддаг Хятадын төрийн бүтэц эзэмшдэг юм” хэмээн С.Сандерс тайлбарлажээ.
 
Д.Трамп “Гадаад хөрөнгө оруулалтын хорооноос ирүүлсэн зөвлөмжийг судалж үзсэний” дараа уг хэлцэлд хориг тавихаар шийдвэрлэсэн байна. Дээрх хороо нь олон улсын чухал хэлцлүүдийг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс авч хэлэлцдэг яам дундын байгууллага ба уг байгууллагыг АНУ-ын Сангийн сайд тэргүүлдэг байна. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар дээрх хэлцэл нь “үндэсний аюулгүй байдалд эрсдэл” учруулахаар байсан болно” хэмээн С.Сандерс онцлон дурджээ.
 
“Lattice” компани нь Америкийн Орегон муж улсын Портленд хотод байрладаг ба уг компани төрөл бүрийн интеграл схем үйлдвэрлэдэг байна. Америкийн хэвлэл мэдээлэлд мэдээлж байгаагаар тус компани ойролцоогоор 1100 ажилтантай ба өнгөрсөн онд 427 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан хэдий ч 54,1 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг