sonin.mn
СИНГАПУР./ТАСС/. Сингапурын шинэ ерөнхийлөгчөөр өмнө нь тус улсын парламентын даргаар ажиллаж байсан Халима Якоб сонгогджээ. Энэ тухай лхагва гарагт Сингапурын сонгуулийн комиссын дарга Эн Вай Чун түүний штабаас ирүүлсэн бүх бичиг баримтуудыг нь шалгасны дараа мэдээлжээ.
 
Ингэснээр, өдгөө 63 настай Х.Якоб тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа төдийгүй малай хүн амын дундаас энэ өндөр албан тушаалд 47 жилийн хугацаанд сонгогдож буй анхны төлөөлөгч болжээ.
 
Анхандаа ерөнхийлөгчийн сонгуульд Х.Якобоос гадна дөрвөн нэр дэвшигч оролцохоор төлөвлөж байсан ч тэдний хоёр нь бичиг баримтаа бүрдүүлэн өгөх шатанд Малай үндэстэн биш гэсэн шалтгаанаар хасагдсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард батлагдсан тогтоол ёсоор энэ удаагийн сонгуульд зөвхөн малайз үндэстэн оролцох боломжтой болжээ. Сингапур улсад  малайчуудаас гадна хятад, энэтхэгчүүд амьдардаг ба тэдгээрийн төлөөлөгчид янз бүрийн өндөр албан тушаалд ажилладаг байна.
 
Өөр хоёр нэр дэвшигч нь сонгогдох эрхээ авч чадаагүйн улмаас 9 дүгээр сарын 11-нд сонгуулийн өрсөлдөөнөөс хасагджээ. Дүрэм ёсоор ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн албанд ажилласан туршлагатай байх эсвэл 500 сая сингапур долларын /371 сая америк доллар/ хөрөнгөтэй компанийг тэргүүлдэг байх ёстой ажээ. Энэ оны 6 дугаар сард баталсан хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвхөн ганц нэр дэвшигч Х.Якоб шаардлага хангасан байна. 
 
Үүний дүнд ерөнхийлөгчийн албан тушаалд дэвших цорын ганц нэр дэвшигч Х.Якоб үлдсэн ба ийм нөхцөлд Сингапурын хууль тогтоомжоор төрийн тэргүүний сонгууль явуулахгүйгээр цорын ганц нэр дэвшигчийг автоматаар ерөнхийлөгчөөр зарладаг байна.
 
Сингапурын ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг ба тус улсыг голчлон Ерөнхий сайд удирддаг аж. Төрийн тэргүүн төсвийн төслийг авч хэлэлцэх, Засгийн газрын томилгоонд хориг тавих, шүүхээс ял авсан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх эрхтэй байдаг төдийгүй тус улсын алт валютын санг хадгалдаг байна. Засгийн газрын шийдвэрийг маргах нь ховор байдаг ба Сингапурын ерөнхийлөгчийн гол үүрэг нь шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх асуудлыг авч хэлэлцэх явдал ажээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг