sonin.mn
МАДРИД. /ВВС/. Испаниас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй Каталони мужийн саналын хуудасны бүх цаасыг хурааж авахыг тус мужийн прокурор холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон тухай Их Британийн “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
 
Каталони муж улс нь тусгаар тогтнох асуудлаар ирэх сарын 1-нд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм. Харин тус мужийн захиргааны гаргасан энэ шийдвэрийг Испанийн Үндсэн хуулийн шүүх “хууль бус шийдвэр” гэж үзэж, түдгэлзүүлээд байгаа билээ.
 
Гэсэн хэдий ч Каталони мужийн захиргаа “Төлөвлөсний дагуу бүх нийтийн санал асуулга” явуулна гэж мэдэгдсээр байна.
 
Үүнтэй холбоотойгоор Каталонийн Ерөнхий прокурорын газар “гэмт хэргийг таслан зогсоох”-ын тулд бүх арга хэмжээг авахыг аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгожээ. Тухайлбал, бүх нийтийн санал асуулгын сурталчилгааны материал, саналын хуудсуудыг хурааж авахыг үүрэг болгосон гэж испани хэлээр гардаг “Эль Паис” сонинд бичсэнийг "Би-Би-Си" телевиз эш татан мэдээлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг