sonin.mn
НҮБ./ТАСС/. Химийн зэвсгийг хориглох байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар зэвсэгт этгээдүүдийг хөөн гаргасны дараа Оросын цэргийнхний устгасан Сирийн хорт бодис үйлдвэрлэдэг сүүлчийн хоёр обьектыг шалгахаар бэлтгэж байгаа ажээ. Энэ тухай тус байгуулагын Ерөнхий захирал Ахмет Узюмжу-гийн НҮБ-д илгээсэн албан бичигт өгүүлжээ.
 
Сири улс 2013 онд тус байгууллагад элсэхдээ химийн зэвсэг үйлдвэрлэдэг нийт 27 объектын 25-ыг нь устгасан гэж мэдүүлсэн бөгөөд уг объектуудыг тус байгууллага өмнө нь шалгасан тухайгаа тэрбээр хэлжээ. “Нарийн бичгийн дарга нарын газар Сирийн үлдсэн хоёр суурин байгууламжийн өнөөгийн байдлыг тогтоох зорилгоор хяналт шалгалт явуулахаар бэлтгэж байна” гэж мягмар гарагт НҮБ-ын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт дурджээ.
 
8 дугаар сарын 25-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг идэвхжил, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн дарга хошууч-генерал Игорь Кириллов хэт даврагчдын хяналтанд буй нутагт дэвсгэрт байрлах сүүлчийн хоёр объектыг Оросын цэргийн мэрэгжилтнүүд устгасан гэж мэдээлжээ.
 
2013 оны 9 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн химийн зэвсгийг устгах тухай тогтоолыг баталсан ба улмаар 2014 оны туршид Сирийн нутгаас 1200 тонн хорт бодис гарган устгасан байна. Уг ажиллагаанд есөн орон оролцсон ба түүний дотор Орос байсан байна.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хариу албан бичигтээ Сирийн химийн зэвсэг үйлдвэрлэдэг объектуудыг устгах ажлыг бүрэн дуусгахыг тэсч ядан хүлээж буйгаа тэмдэглээд, Ойрхи дорнодын тус улсын мөргөлдөөний явцад хорт бодис хэрэглэсэн тухай мэдээлэл үргэлжлэн ирсээр байгаа нь ”сэтгэл их зовоосон, ихээхэн урам хугалсан” явдал болохыг дурдаж, ийм гэмт хэргийн төлөө хэн хариуцлага хүлээх ёстойг тогтоон шүүхэд шилжүүлэхийг” уриалжээ.
 
“Хэрвээ ийм этгээдүүдийг хариуцлагад татахгүй бол дураараа авирлалт хяналтаас гарах юм. Химийн зэвсэг хэрэглэсний төлөө хариуцлага хүлээлгэхгүй байх нь өөрөө огт байж болшгүй зүйл” хэмээн НҮБ-ын дарга онцлон тэмдэглэжээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг