sonin.mn
9 сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг 57.5 хувийн саналаар огцруулсан билээ. Үүнтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ? гэдэг хэлэлцээр МАН-ын лидерүүдийн хүрээнд ид өрнөж байна. 6 сарын 7-нд Шадар Сайд У.Хүрэлсүхийн "цахилгаан дайн"-ы төлөвлөгөө хэрэгжиж, Засгийн Газар огцорсон нь түүний МАН-ын дарга, Ерөнхий сайд болох мөрөөдөл биелнэ гэсэн үг хараахан биш гэдгийг sonin.mn өмнө нь мэдээлж байлаа. 
 
http://www.sonin.mn/news/politics-economy/81501
 
 Учир нь УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байгаа цагтаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг яагаад ч дэмжихгүй гэж шийдсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эрх баригч нам, түүний удирдах дээд байгууллага ба УИХ дахь намын бүлэг нь л албан ёсоор нэр дэвшүүлэх учиртай. Иймээс ч М.Энхболд МАН-ыг удирдаж, түүний баг намынхаа Удирдах Зөвлөлийн дийлэнхи олонхийг бүрдүүлж, Д.Хаянхирваа УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байгаа тохиолдолд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь бүү хэл нэр дэвшиж ч чадахгүй ажээ. Мөн Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж зэрэг олон нэрс яригдсаны эцэст УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт нарын нэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэгт МАН-ын одоогийн удирдлагууд санал нэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилж дуусахад 25 хоногийн хугацаа үлдээд буй юм.
Нямаагийн Энхболд  Н.Багабандийг Ерөнхийлөгч байх үед Хэвлэл, мэдээллийн Албаны даргаар нь  сонгогдон анх улс төрд орж байсан. УИХ-д 2000 оноос хойш сонгогдож буй бөгөөд энэ хугацаанд мөн Гадаад Харилцааны Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байжээ.
Харин С.Бямбацогт нь "Нью Прогресс" компаний захирлаар ажиллаж байгаад улс төрд орсон. УИХ-д 2008 оноос хойш сонгогдож буй бөгөөд МАН-ыг сөрөг хүчин байх үед УИХ дахь бүлгийн даргаар нь ажиллаж байсан юм.
 
 
Ч.Явуу