sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Афганистанд АНУ-ын армийнхныг байлгах талаарх шинэ бодлогоо Цагаан ордны тэргүүн Дональд Трамп танилцууллаа.
 
Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Вашингтон хотоос холгүй орших цэргийн баазад үг хэлэхдээ “Афганистаны дайн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн урт дайн. 17 жил үргэлжилж байна.  Америкчууд ядарч залхаж байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Би анх цэргүүдээ татна гэж бодож байсан. Гэхдээ би бодлоо өөрчилсөн. Иракт гаргасан алдааг давтахгүйн тулд бид “ялах”-ын төлөө тэмцэхээр шийдсэн. АНУ цэргүүдээ яаран татвал Афганистан террористууд, тэдгээрийн дотор “Лалын улс” ба “Аль-Каида”-гийнхнаар дүүрсэн газар болох болно” гэсэн байна.
 
Д.Трампын шинэ төлөвлөгөөнд тусгаснаар, АНУ-ын цэргүүд цаашид одоогийнх шигээ Афганистаны цэргүүдийг сургалтанд хамруулж, тэдэнд зөвлөгөө өгөх аж. Тэрбээр яг хэдэн цэрэг Афганистан руу нэмж илгээхээ тодорхой хэлээгүй байна.
 
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Харин 2014 онд Барак Обамагийн засаг захиргаа “Талибан” хөдөлгөөний эсрэг АНУ-ын байлдааны ажиллагааг албан ёсоор зогсоож, цэргүүдийнхээ олонхыг Афганистанаас татсан билээ. Одоо Афганистанд байгаа 8000 гаруй америк цэрэг нь Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд зөвхөн зөвлөгөө өгөх үүрэг гүйцэтгэж байгаа юм.
 
Засгийн газрыг эсэргүүцэгч  “Талибан” хөдөлгөөнийхөн саяхнаас дахин хүчээ авч байгаатай холбоотойгоор Афганистаны аюулгүй байдал тогтворгүй хэвээр байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг