sonin.mn
Эрх баригч МАН удирдлагын чадамжаа алдаж, бүрэн хаосын байдалд ороод байгаа билээ. Энэ тухай sonin.mn тусгайлан хөндөж байв. http://sonin.mn/news/easy-page/81159
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар Сайд У.Хүрэлсүх нар нь нэг нэгнээ тагнасан чагнасан гэх асуудлаар хуулийн байгууллагад өгсөн төдийгүй өчигдөр У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор гаргалаа.Тэрээр өргөдөлдөө: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.
 
Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна...Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна" хэмээн өгүүлсэн нь ихээхэн ноцтой юм.
Товчхондоо бол Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар огцрох нь цаг хугацааны л асуудал боллоо гэхэд хилсдэхгүй.Мөн өчигдөр Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн нэрс ил боллоо.Эдгээр нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Б.Баттөмөр,
Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар, Я.Содбаатар, М.Оюунчимэг, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин тэргүүтнүүд  юм. Дээрх УИХ-ын гишүүдийг бүлэглэлийн хувьд ангилвал: У.Хүрэлсүхийн фракцийн зургаа, Сү.Батболдын фракцийн арав гаруй гишүүн багтжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар М.Энхболдынхоо фракциас өөрийн "дагуул" Х.Нямбаатарынхаа хамт нүүр буруулжээ. Түүнчлэн бөх А.Сүхбат ч өөрийг нь УИХ-д нэр дэвшүүлсэн, нутгийнхаа ах М.Энхболдоос "урвасан" байна.Түүнчлэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын "экс бие даагчид", аль нэг бүлэг фракцид хамааралгүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар хүртэл уг саналыг дэмжиж, гарын үсэг зурсан нь Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал хир өндрөө авсныг илтгэнэ. Юутай ч Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах саналтай УИХ-ын гишүүдийн гол цөмийг Монгол Улсын Ерөнхий Сайд асан Сү.Батболдын фракци бүрдүүлж байна. Харин хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулга хэдийгээр У.Хүрэлсүхийн фракцийн гишүүн боловч олны хэл амнаас айсан уу? Засгийн Газрыг огцруулах бичигт гарын үсэг зуралгүй үлджээ. Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар дээрх нэрс нэмэгдэж, нийт УИХ-ын 33 гишүүн Засгийн Газрыг огцруулахаар санал нэгдсэн бололтой. Тэдний нэрс хийгээд хүсэлт маргааш албан ёсоор ил болох ажээ.
 
Э.Мягмар