sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ. 
 
Тэрбээр өргөдөлдөө "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд хуулийн заалтуудыг үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна" гэжээ. 
 
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг УИХ-д оруулах ёстой юм. Хэрэв саналыг УИХ-д оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоон хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хуультай.
 
Түүний хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Шадар сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэх юм.
 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг