sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, “60 тэрбумын” гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэлээ.
 
Тус бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн 1 жилийн хугацаанд НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй олон гишүүн нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. “60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна“ гэв.
 
НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдах аж. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудалд гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэгдэх нь тодорхой болжээ.
 
Мөн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт НИТХ-аар орж баталгаажсан нийслэлийн бүтээн байгуулалтууд одоог хүртэл эхлээгүй байна гээд улс төржилтөөс болж бүтээн байгуулалт хойшлох учиргүй тул яаралтай эхлүүлэх шаардлагыг хүргүүлнэ гэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 16 сургууль, цэцэрлэгийн ажил энэ намар эхлэх ёстой ч 7 нь огт эхлээгүй байгаа аж.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг