sonin.mn
ТЕГЕРАН./TASS/. Иракийн дайны үед химийн довтолгоонд өртсөн хохирогчдод 245 сая доллар төлөхийг Иран улс АНУ-аас шаарджээ. Ням гарагт “Fars” агентлагийн мэдээлснээр, Ираны шүүх Иран Иракийн дайны үед Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейнд дэмжлэг үзүүлж байсан АНУ-аас Багдад Ираны эсрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас хохирсон хүмүүс болон тэдгээрийн ар гэрийхэнд нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргажээ.
 
Ираны шүүхийн албан ёсны төлөөлөгч Хосейн Мохсени Эжейны мэдээлснээр, химийн довтолгооны улмаас хохирсон хэсэг иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 18 хүн, түүний дотор амиа алдагсдын ах дүү төрөл төрөгсөд мөн биеийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Нийтдээ 1,5 сая хүний амь насыг авч одсон Иран, Иракийн дайн 1980-аас 1988 он хүртэл үргэлжилсэн юм. Найман жил үргэлжилсэн дайны дүнд хэдэн арван хотууд сүйрч, Иракт учирсан хохирол 200 тэрбум доллар, Иранд 400 тэрбум долларт хүрчээ. Дайн хийснээр хоёр талын аль нь ч улс төрийн болон стратегийн зорилгодоо хүрч чадаагүй байна.
 
1994 онд АНУ-ын Конгрессийн Сенат Иран, Иракийн дайны үед АНУ давхар зориулалтын хими-биологийн зэвсэг Иракт экспортолсон тухай илтгэлийг нийтлүүлж байжээ. Гэсэн хэдий ч 2002 оны 9 дүгээр сард Конгресст Иракийн асуудлаар сонсгол хийх үед Пентагоны тэргүүн Дональд Рамсфельд дээрхийг эрс үгүйсгэж, “АНУ-ын засгийн газар эсвэл компани Иракт хими, биологи эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлсэн” тухай мэдээлэл байхгүй гэж мэдэгджээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг