sonin.mn
УЛААНБААТАР. /TAСС/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Оросын ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селишев саяхан ярилцлага авчээ. Энэ ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 
 
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах чухал алхмуудыг хийж, Азид илүү идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг хичээж байна. Монгол Улс энэ чиглэлд өөр юу хийх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш дөнгөж нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Надад гадаад бодлогын талаар олон санаа, төлөвлөгөө бий. Байршлын хувьд Монгол Улс Азид оршдог бөгөөд Азийн бүх оронтой дипломат харилцаатай. Манай улс Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Бид Хятад улстай бүх талын стратегийн түншлэлийг тогтоосон бол харин Япон улс, Энэтхэгтэй стратегийн харилцаатай. Мөн БНСУ-тай бүх талын түншлэлийг хөгжүүлж байна.
Монголын онцлог нь гэвэл бид Оросоор дамжин Европын Холбооны улс орнуудтай, харин Хятадаар дамжуулан Азийн орнуудтай харилцдаг. Иймд би Орос, Хятад улсуудад айлчлал хийж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын ажиллагааны үндсэн сэдвүүд нь гаалийн тарифыг зохицуулах, цар хүрээтэй шинэчлэлийг явуулах явдал юм. Түүнчлэн бид  байгалийн баялгаа эргэлтэд оруулж, нэн шинэ технологи, инновацийг ашиглан боловсруулалтын зэргийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 өдөр өнгөрч байна, хэсэг хугацааны дараа тодорхой үр дүнд хүрч, миний төлөвлөгөөнүүд биелэнэ гэдэгт найдаж байна.
 
Хүн бүр өөрийн улс орны төлөө гэсэн бодолтой байдаг  шүү дээ. Та Монгол Улсыг ирэх арван жилүүдэд ямраар төсөөлж байна вэ?
 
Ямар ч улсын төрийн тэргүүн улс орныхоо алс хэтийн хөгжлийн талаар бодно. Монгол Улсад саяын болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль онцлогтой. Өнөөдөр манай улс амаргүй нөхцөл байдалд байна. Тиймээс ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулж чадна гэж итгэж найдсаны үндсэн дээр Монголын ард түмэн намайг сонгосон. Ерөнхийлөгч болохоосоо өмнө би хоёр томоохон яамыг тэргүүлж байсан. Иймд ойрын дөрвөн жилд эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн үндэс болох тодорхой төлөвлөгөө надад байгаа. Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад үр дүн нь харагдана.
 
Монгол Улсад шаардлагатай шинэчлэлүүдийг эртний уламжлалтай хослуулж чадах болов уу? Та ерөнхийлөгчийн хувьд юу гэж үзэж байна вэ?
 
Аливаа улс орон хөгжлийнхөө бодлогыг өөрийн ард түмнийхээ уламжлал, зуун зууны ёс заншил дээр үндэслэн боловсруулан гаргадаг. Монголчууд бол нүүдэлчид. Миний судсаар ч гэсэн нүүдэлчдийн цус урсаж байгаа. Монгол Улсын онцлог нь гэвэл бид хөгжлийн хөтөлбөрөө нүүдэлчдийн уламжлалыг үндэслэн боловсруулдаг. Монголчууд бие даан хөгждөг.  Энэ нь бидний онцлог юм даа. Өнөөдөр Монголд олон ажлын байрыг гадаадын мэрэгжилтнүүд эзэлж байна. Тэд манай улсын хөгжлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэхдээ бид үүнийг өөрчилнө өө. Өнөөгийн нөхцөл байдлаас ялгаатай нь гэвэл бид цаашдаа ард түмэн ашигт малтмалын олборлолтоос орлого олдог болгоно. Хүн бүр эрх тэгш үндсэн дээр хувь хүртэнэ. Сүүлийн 20 жилийн хугацаанд нэлээд хэд хэдэн хувь хүн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг авч, түүнээсээ ашиг хүртсэн. Ингэснээр, улс төр-бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн хувийн ашиг орлогоо нэмэгдүүлсэн. Үүний дүнд, нэг талаас манай улсад ядуучууд ба ажилгүйчүүд, нөгөө талаас хөрөнгө чинээлэг улс төрийн бүлэглэл бий болчихоод байна. Энэ сэдэв бол миний хувьд гол асуудлуудын нэг юм.
Бидний хувьд бас нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Тус салбарыг манай ард түмэн бүтээн босгох ёстой. Орос, Хятад улсуудтай хамтран ажиллах нь мөн дэд бүтцийн салбарын тэргүүлэх чиглэл юм. Далайд гарцгүй бидний хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай.
 
Орос, Монгол улсууд сайхан харилцаатай ойрын хөршүүд. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд та ямар ач холбогдол өгч байна вэ?
 
Манай хоёр орон зуун зууны түүхтэй найрсаг харилцаатай хөрш орнууд. Бид баялаг түүхэн замналтай. Энэ урт хугацааны туршид бид бие биеэ дэмжсээр ирсэн. Сүүлийн жишээ, Халхын голын тулалдаан. Үүнийг бид хэзээ ч мартах учиргүй. Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын мужуудтай хамтран ажиллаж, харилцаагаа хөгжүүлэх нь манай хоёр орны харилцаа холбоог өргөжүүлэхэд чухал. Бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаа, харилцаагаа илүү өндөр шинэ шатанд гаргах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор чөлөөт худалдааны бүсийг байгуулах боломж, мөн Байгал нууртай холбоотой асуудлыг судалж болох юм. Бид Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийн ажлыг явуулж байгаа. Бүс нутгийн хоорондын харилцан ойлголцол дутагдалтай байгаагаас санал зөрөлдөөн үүсэхэд хүргэж магадгүй юм. Манай хоёр орны харилцаа, түүний дотор Батлан хамгаалах салбарт маш эрчимтэй хөгжих болно. Учир нь манай цэргийн техник, зэвсэглэлийн 95 хувь нь Оросын үйлдвэрийнх байдаг.
 
Монгол, Оросын хамтын ажиллагааны аль салбарыг та хамгийн их ирээдүйтэй гэж үзэж байна вэ?
 
Дээр дурдсанчлан, батлан хамгаалах салбар нь хамтын ажиллагааны чухлаас чухал салбаруудын нэг юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Батэрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-той уулзалт хийсэн. Тэрбээр ерөнхийлөгч миний мэндчилгээг Оросын сайдад уламжилсан. Монголчууд С.Шойгу сайдыг Тувагийн уугуул хэмээн түүнд маш халуун дотноор ханддаг. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар. ЗХУ-ын үед бид тус улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техникийг өргөнөөр ашигладаг байсан. Одоо дээрх тоо багассан тул бид хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна. Ингэх ч боломжтой. Учир нь манай хоёр орны цаг уурын нөхцөл төстэй. Мөн бид Монголын махыг Эрхүү мужид экспортлох асуудлыг олон жилийн турш хэлэлцэж байгаа.  Гэсэн хэдий ч энэ асуудал ахиц муутай байна. Хамтын ажиллагааны бас нэг чухал салбар бол дэд бүтэц, тээврийн салбар. “Улаанбатар төмөр зам”/УБЖД/ бол Орос, Монголын хамтарсан хөтөлбөрөөс үлдсэн цорын ганц төсөл. Бид Оростой 50/50 хувийн оролцоотойгоор энэ төслийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно.
2016 оны парламентын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн газрын Оросын талын 49 хувь зарагдсан. Энэ их нарийн асуудал. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг "Улаанбаатар төмөр зам" дээр давтагдуулахгүйн төлөө бид хичээж байна.
 
Мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулах хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй “Монголросцветмет” компани байгаа. Энэ компанийн удирдлага менежментийн үр ашгийг дээшлүүлэх тал дээр бид ажиллах шаардлагатай байна. Учир нь тус компани одоогийн байдлаар их өртэй байгаа юм.
 
Монгол Улс бол хосгүй ховор байгалийн нөөц баялагтай орон. Монголд ирж буй Оросын жуулчдад та юу үзэхийг зөвлөх вэ?
 
Аялал жуулчлал бол сайн менежмент, чанартай үйлчилгээ мөн зохих ёсны зохицуулалт шаарддаг онцгой салбар. Ирэх жил бид шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд оруулна.Ингэснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, түүний дотор Оросын жуулчдыг татахад түлхэц болж өгөх юм. Одоохондоо Оросоос Монгол руу жуулчид ирэх нь бага байна. Голчлон манай улс руу автобусаар ирдэг Сибирийн бүс нутгийн амарч яваа хүмүүс байна. Харин Москва болон Оросын Европын хэсгийн аялагчид одоохондоо Турк эсвэл Европын орнууд руу аялаад байна. Иймд бид Буриадын аялал жуулчлалын компаниудтай Япон, БНСУ-ын жуулчид Хойд Хятадын автономит район Өвөр Монгол, Монгол Улс, Буриад, өөрөөр хэлбэл “гурван Монгол”-оор тойрон аялах аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох талаар санал солилцож байна. Мөн Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор бид Москва, Санкт-Петербургээс жуулчдыг хүлээж авах боломжтой болно. Үүнээс гадна бид үйлчилгээний салбараа сайжруулах тал дээр ажиллаж байна.
 
Та Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юу? Та энэ чуулга уулзалтын хүрээнд ямар зорилт тавьж байна вэ?
 
Энэ нь ерөнхиийлөгчийн хувиар гадаадад хийх миний анхны албан ёсны айлчлал болно. Уг чуулга уулзалтын хүрээнд би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Зүүн хойд Азийн улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөж байгаа. Хэлэлцэх асуудал, хөтөлбөрийг одоо Монгол Улсын ГХЯ боловсруулж байна.                                              
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг