sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Миссури муж улсын захирагч Эрик Грейтенс “Facebook” нийгмийн сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд удахгүй халдана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн мэдээлэл байршуулсан тус муж улсын хууль тогтоох байгууллагын гишүүнийг албан тушаалаасаа нэн даруй огцрохыг шаарджээ. Энэ тухай пүрэв гарагт “Associated Press” агентлаг мэдээллээ.
 
Хэргийн учир нь, Миссури муж улсын Сенатын гишүүн Мари Чэппелл-Надал /Ардчилсан намаас сонгогдсон/ нийгмийн сүлжээнд “Д.Трампын амь насанд халдана гэж найдаж байна” гэж бичжээ. Дараахан нь тэрбээр бичсэн зүйлээ устгасан хэдий ч бүгд найрамдахчууд төдийгүй өөрийнх нь намын гишүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөөр байгаа ажээ.
 
Өдгөө 42 настай Сенатын гишүүн Чэппел-Надалыг огцрохыг муж улсын захирагчаас гадна тус мужийн хууль тогтоох байгууллагын Ардчилсан намын бүлгийн дарга, Миссури дахь Ардчилсан намын салбарын дарга нар уриалсан байна. Харин 2010 онд тус мужийн Сенат-д сонгогдсон улс төрч Чэппел Надал өөрөө огцрох бодолгүй байгаагаа мэдэгджээ. Сенатчийн хэлснээр, түүний бичсэн коммент нь Д.Трампын Шарлотсвилл-д неонацистууд болон тэдний өрсөлдөгчдийн дунд болсон мөргөлдөөнд хэрхэн хандасны хариу үйлдэл байсан аж. Ерөнхийлөгч эхэндээ дан ганц хэт барууны үзэлтнүүдэд бурууг тохох хэрэггүй гэж байсан ч дараахан нь дээрх болсон хэрэг явдалд хоёр тал хоёулаа буруутай гэж мэдэгдсэн юм.
 
“Манай Ерөнхийлөгч ийм юм ярьж байгаа нь мөн цагаан арьстан, нацистууд, Ку-клукс-клан бусдаас дээгүүр гэсэн санааг дэмжиж байгаа нь надад хүнд цохилт болсон” хэмээн Чэппелл-Надал онцлон дурджээ.
 
Нийгмийн сүлжээнд бичсэн зүйл нь “буруу” байсан гэдгээ тэрбээр хүлээж байгаа ч албан тушаалаасаа огцрохоос татгалзаж байгаа юм, учир нь Үндсэн хуулийн 1 дүгээр нэмэлт өөрчлөлтөд зааж хуулиар баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өөрийн эрхээ эдэлсэн гэжээ.
 
Төрийн тэргүүний хамгаалалтыг хариуцдаг АНУ-ын Тусгай албаныхан дээрх улс төрчийн “Facebook”-т үлдээсэн “комментыг судлаж байгаа” гэж мэдэгджээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг